СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Нэткапитал" -ыг үүсгэн байгуулагч Д.Сүндийгийн цагдаагийнханд хахууль өгсөн үйлдэл хэрхэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

УИХ-ын 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан, “Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуулиан дэгдэж, тэгсхийгээд мартагдсан билээ.

Сонгуулийн сурталчилгаанаас өмнө өрнөсөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг, хэл амыг дарахын тулд тэрбээр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ажилтнуудад хахууль өгсөн юм билээ. Цагдаа нарт хахууль өгсөн үйлдлийг нь хууль сахиулагчид тогтоон мөрдөн шалгаж дуусаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ч өнөөг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй таг чиг болчихоод байна.

ЦАГДАА НАР 20 САЯ ТӨГРӨГ ХУВААЖ АВЧЭЭ

“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий 2019 оны гуравдугаар сард эхнэр Н.У-д удаа дараа гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг эхнэрийнх нь цагдаад гаргасан өргөдлийн хамт дэлгэн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьж байв. Н.У-ын өргөдөлд түүнийг нэг бус удаа зодсон талаар дурдсан байдаг. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. Гэвч Д.Сүндий энэ бүхнийг гүжирдлэг хэмээн тухайн үед мэдэгдсэн. Түүнээс хойш Д.Сүндийд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, тухайн үеийн ЦЕГ-ын дарга, өнөөгийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржавт хандан “Нотлох баримт нойлын цаас болохыг харлаа, С.Баатаржав дарга аа” хэмээн хэвлэлийнхэн бичиж байсан юм.

Тэгвэл Д.Сүндий болон түүний ажиллуулдаг компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Баттөгс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгажээ. Улмаар .

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны дөрөвдүгээр сард Д.Сүндийтэй хамт ажиллаж байсан Д.Баттөгс гэх эр 20 сая төгрөг захирлаасаа авч, хэргийг нь түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр болж буйгаа хэлсэн байна. Үүнийгээ ч мөрдөн байцаалтын явцад үнэн, зөвөөр мэдүүлсээр иржээ. Улмаар уг мөнгөнийхөө 10 саяыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд, тавыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавт өгч, үлдсэн таван сая төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад үрж дуусгасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Хахууль авч, хэргийг нь “цавчиж” өгсөн цагдаагийн хоёр алба хаагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал ч НПГ-ын хяналтын прокуророор дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан аж.

НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ДЭЭД ШАТНЫ ШҮҮХҮҮД ХЭРЭГССЭНГҮЙ

НПГ-аас “Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин Д.Баттөгсийг дээрх зүйл заалтаас гадна Д.Сүндийгээс хахууль авсан, түүнийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж.

Тэднээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд дээрх хоёр хүнээс хахууль авснаас гадна бусдад мөнгө өгсөн, мөн Эрүүгийн хуулийн 21.1-2 дахь хэсгийн “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, засварласан, өөрчилсөн хэргийг хууль сахиулагч үйлдсэн” хэмээн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн юм. Харин Д.Сүндийд холбогдох хэргийг шалгаж байсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавыг хахууль авч, нотлох баримт устгаж, өөрчилсөн хэрэгт хамтран оролцсон гэж буруутгажээ.

Хахууль авч, нотлох баримт устгаж, өөрчилсөн хэрэгт холбогдсон цагдаагийн хоёр офицер гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хурдан шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч, прокуророор дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядагт хандсан юм билээ.

Харин Д.Сүндий, Д.Баттөгс нарын өмгөөлөгч гурван хүн хэргийг дахин шалгуулах саналаа дээрх шүүгчид илэрхийлсэн байна. Улмаар 2020 оны аравдугаар сарын 26-нд Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарт холбогдох 1941000680219 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж шүүгч С.Сэржмядаг гаргасан юм. Үүнийг нь эсэргүүцэн НПГ-аас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 28-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.

Гэвч үүнээс хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй болж, Д.Сүндийгийн өмгөөлөгч Д.Төмөрбаатараас тодруулахаар хандахад “Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм. Түүний дараахан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй хэмээн захирамж гарган, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааснаас хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Гэвч өнөөг болтол шүүх хурлыг товлосонгүй, хэрхсэн нь тодорхойгүй таг чиг л байна. Бид Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар цаг тухайд нь мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.217.83

Энэ цагдаа нар чинь яачихсан хүмүүс вэ.Шударга бай гээд бид цалинжуулж ба ш дээ.Олны нүдэнд бүгд л ил юмыг ядахдаа шударгаар шийдэж болноо доо.Энэ ёстой нийгмийн гажуудал...Хойч үедээ муухай үлгэрлэж ба даа Цагдаагийн бие бүрэлдхүүн ах нарааааа

Иргэн
3 жилийн өмнө
192.82.87.90

Муу эрд халдага дараа, засааг нь суга тат

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.