COVID-19, цар тахал өнөөдөр хэдэн зуун сая гэр бүл, үр хүүхдүүдийн амьдралд айдас түгшүүр төрүүлсэн хэвээрээ байна. Үүний хажуугаар баталгаа нотолгоогүй янз бүрийн мэдээлэл цахим орчинд тархаж буй нь олон хүнийг төөрөгдүүлэхэд хүргэж байна. Иймд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн бага эмч Б.Цэцэгдэлгэр, ахлах сувилагч З.Эрдэнэжаргал нартай хамтран “COVID-19 вирусээр өвдсөн бол ямар эмчилгээ хийх вэ” гэдэг зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Юуны өмнө халдвар авсан үед илрэх шинж тэмдэгээ сайн мэдэх нь чухал. Тухайлбал, COVID-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй учраас халдвар авснаа мэдэхийн тулд шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд гэсэн хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин, бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг шинж тэмдэг орно.
Өөрийгөө болон бусдыг COVID-19 вирусээс хэрхэн хамгаалах вэ гэдэг зөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд хангалттай өгч буй. Тиймээс бид энэ удаа бид өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар таны мэдэхгүй, энгийн хэдэн зөвлөгөөг өгье. Жишээ нь, уг вирусээр өвдсөн даруйдаа хүмүүс гэртээ өөрснийгөө эмчлэх гэж, дур мэдэн олон төрлийн эм ууж, улам хүндрүүлээд эмнэлэгт ирэх тохиолдол цөөнгүй байна. Иймд та дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа. Эдгээр эм нь ихэнхдээ өвчний ерөнхий шинж тэмдгүүдийг арилгах зориулалттай. Харин тухайн өвчтөний биеийн байдал хүнд, хөнгөнөөс шалтгаалан дараагийн шатны нарийвчилсэн эмчилгээнүүдийг хийж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс гэрийн нөхцөлд, хөнгөн өвдсөн хүмүүсийн хувьд, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан хийж, эдгэрч байгааг та сонссон байх. Тиймээс нэмэлт хэдэн зөвлөгөөг өгье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТУУЛ 2021.6.23 Лхагва № 125 (6602)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.