ОХУ-д коронавируст халдвараар өвчлөгсдийн тоо буурахгүй байгаа бол ДЭМБ-аас мэдээлж буйгаар, “Дельта” хувилбар одоо дэлхий даяар давамгайлж байна.
ОХУ-д өнгөрсөн хоногт сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн олон буюу 17900 шинэ тохиолдол бүртгэгджээ. Москвад байдал бүр дор байгаа бөгөөд 9120 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Тус хотоос гадна, Москва муж (1456 шинэ тохиолдол), Санкт-Петербург хотод (996) халдвар хурдацтай тархаж байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Москва хотод коронавирусээр дахин халдварласан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгджээ.
Харин дэлхий даяар халдвар авсан хүний тоо 177 саяыг давж, 3.9 сая гаруй хүн нас барсан бол 2.6 сая гаруй хүн вакцин хийлгэсэн гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлсэн байна.
“Дельта” гэж нэрлэсэн коронавирусний омог дэлхийн улс орнуудад зонхилох хувилбар болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
Энэ хувилбар нь илүү халдвартай тул дэлхий даяар эрчимтэй тархаж байна" гэж ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан хэллээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, "Дельта" хувилбарыг анх Энэтхэгийн Нагпур хотод 2020 оны 10 дугаар сарын эхээр илрүүлсэн бөгөөд одоо дэлхийн 80 гаруй оронд тархжээ.
Москва хотын дарга Сергей Собяниний хэлснээр, Оросын нийслэлд “Ковид-19”-тэй өвчтөнүүдийн 90 орчим хувь нь чухам "Дельта" хувилбараар халдварласан байна. Уг хувилбараар битүү орчимд халдварлах магадлал 60 хүртэл хувь, задгай газарт 40 хүртэл хувь байна гэж Оросын шадар сайд Татьяна Голикова мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.