УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
"Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хөгжлийн төлөвлөгөө анх удааг батлагдах гэж байна. Боловсруулалтын түвшинд дутуу зүйл их байна. Гэтэл Засгийн газраас оруулсан энэ тогтоолын төсөл үйл ажиллагааны төсөл юм шиг харагдаж байна. Бид халамжаас экспортлогч орон болно гэж ярьж байна. Үүнтэй холбоотой зүйл заалт байхгүй байна. Орон сууцжуулах бодлого ярьж байгаа. Гэхдээ энэ талаар бодлогын бичиг баримтад юу ч заагдаагүй байна. Хөгжлийн бодлоготой холбоотой заалтууд тусгагдаагүй байна. Багагүй өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Макро хүрээний хэдэн үзүүлэлт байдаг. Түүнийг төсвийн хүрээнд баталчихсан. Тэгэхээр дахин хуулж бичих шаардлагагүй гэж бодсон. Таван жилийн төлөвлөгөө батлагдсан. Үүнийг бид биелүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд захирагдаж байгаа шүү дээ. 2050 хөгжлийн бодлогын баримт бичиг зэрэг 4-5 баримт бичигт нийцүүлж энэ хөгжлийн бодлогын тогтоолыг гаргаж ирсэн. Дутагдал байгааг үгүйсгэхгүй. Сайжруулахад гишүүдтэй хамтарч ажиллахад бэлэн байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 2022 онд барихаар төлөвлөсөн цэцэрлэг болон сургуулийн тоог тодорхой гаргасан. Байгаа юмыг байхгүй гэж хэлж болохгүй. Боловсролын салбар хамгийн том хөрөнгө оруулалт авдаг. Нийт төсвийн 80 орчим хувийг авдаг. Тэгэхээр цаашид 2022 оны төлөвлөлтийг төсвийг хөрөнгө оруулалтаа хэмнэх тал дээр ажиллана.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай улс олон бичиг баримт, төлөвлөгөө, хөгжлийн бодлогоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Энгийн иргэдэд ойлгохоор хариул өгөөсэй гэж хүсч байна. Сүүлийн 30 жилийн ядуурал 26-30 хувьтай хэвээр байна. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядууралгүй болох вэ. 2022 оны төгсгөлд ядуурал яг хэдэн хувиар буурах вэ. Үл дэмжих, хязгаарлах ямар салбар байна вэ. Манайд Эдийн засгийн яам байхад манай улсын хөгжлийг гацаагаад байгаа зүйл дээр онцгой анхаарал үзүүлж, асуудлыг шийдэж байсан. Хөгжлийг гацаагаад байгаа зүйл дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай.
Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд А.Ариунзаяа: 2030 онд ядуурлыг тэглэх уриалгад дэлхийн бүх улс орнууд нэгдсэн. Манай улсын хувьд мөн адил 2030 онд ядуурлыг тэглэх чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Ядуурлыг бууруулахын тулд эрүүл мэнд болон боловсролын салбарт түлхүү анхаарах шаардлагатай. Үүнтэй холбогдуулан халамжаас хөдөлмөр рүү гэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.