Мьянмар улсад төрийн эргэлт гарснаас хойш дөрвөн сарын дараа Аун Сан Су Чийг шүүх хурал даваа гарагт эхэлсэн байна. Түүний шүүх хурал нийслэл Нейпьидо хотод эхэлсэн ба гурван зүйл ангийн гэмт хэрэгт буруутгажээ.
Нобелийн энх тайвны шагналт, ардчиллын удирдагч 75 настай эмэгтэйг холбоо харилцааны хууль зөрчсөн, өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлаар коронавирусийн хорио цээр зөрчсөн хэмээн буруутгаж байна. Түүний өмгөөлөгч шүүх хурлын сонсголын үеэр Су Чигийн биеийн байдал сайнгүй харагдаж байсан гэжээ.
Мягмар гарагт шүүх хурал нь үргэлжлэх ба Үндэсний аюулгүй байдлын хууль зөрчсөн, авлига хээл хахуулийн хэрэгт мөн буруутган яллах дүгнэлт үйлдэх гэж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарын арми төрийн эргэлт хийсний дараа ардчиллыг дэмжигч олон тооны улс төрчдийг баривчлан саатуулсан. Мөн төрийн эргэлтийг эсэргүүцсэн олны танил хүмүүсийг ч баривчлан саатуулж, амь насанд нь халдсан тохиолдол гарсан юм.
Энэ долоо хоногийн байдлаар 860 гаруй хүн хунтын дэглэмийг удирдагчдын гарт амиа алдаж, 6,000 гаруй иргэнийг баривчлан саатуулсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.