БНХАУ-ын Тайшань цөмийн цахилгаан станцад хий алдагдсан гэх мэдээллийн дараа Францын эрчим хүчний компани "EDF Energy" тус станцын "гүйцэтгэлийн асуудал"-ыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.
Удалгүй "EDF Energy" компанийн зүгээс станцын бүрэлдэхүүн хэсэгт хуримтлагдсан хийг зориудаар гадагш ялгаруулсан гэж мэдээлсэн байна. Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр энэ нь түлшний хоолойны асуудлаас үүдэлтэй аж.
Тэрээр энэ талаар "Энэхүү нөхцөл байдал нь хайлж буй цөмтэй холбоотой осол огт биш. Энэ бол хий алдагдаж, бохирдсон тохиолдол биш бөгөөд хяналттай ялгаруулалт юм" хэмээн "AFP" агентлагт ярьжээ.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр Тайшань станцын нэгдүгээр реакторын хөргөлтийн системд инертийн хий хуримтлагдсан байсан бөгөөд үүнийг агаар мандалд "дүрэм журмын дагуу" гарган, цацсан аж. Инертийн хий нь маш бага урвалд ордог, тогтвортой химийн элементүүдийн бүлэг бөгөөд эрдэмтэд уг хийг химийн урвалаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг байна.
Харин уг цөмийн байгууламжийн Хятадын талын эзэмшигч болох "China Guangdong Nuclear Power Group" компанийн зүгээс хий алдагдсан гэх мэдээллийг эрс няцаажээ. Мөн Олон улсын цөмийн энергийн агентлагаас "Цацраг идэвхт осол гарсан гэсэн шинж тэмдэг байхгүй" хэмээн тэмдэглэсэн байна.
Тайшань цөмийн цахилгаан станц нь Хятадын Гуанжоу, Шэньжэнь хэсгийн бүс нутгийг эрчим хүчээр хангадаг аж.
Гэвч сүүлийн хэдэн долоо хоногт эдгээр бүс газрууд эрчим хүчний хомсдолд орох болсон бөгөөд шинжээчид үүнийг хэт халуун цаг агаар болон Юньнань мужийн усан цахилгаан станцын гүйцэтгэл ердийн хэмжээнээс доогуур байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.