АНУ-ын Техас мужийн "Хьюстон Методист" эмнэлгийн ажилтнууд коронавирусийн эсрэг вакцин тариулахаас татгалзан, тус эмнэлгийг шүүхэд өгсөн байна.
Энэхүү эмнэлгийн сувилагч Женнифер Бриджесийн хэлснээр түүний ажил олгогч ажилтнуудаа цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг хүссэн бөгөөд татгалзсан тохиолдолд хална гэж хэлсэн аж. Тэгвэл мужийн шүүхээс өнгөрөгч амралтын өдрүүдэд эмнэлгийн удирдлагуудын талд шийдвэр гаргасан байна.
Дүүргийн шүүгч Линн Хьюз энэ талаар "Хьюстон Методист эмнэлэг нь иргэдэд коронавирусийн халдвар тараалгүйгээр тэдний амь насыг аврах гэж ажиллаж байгаа. Үүний тулд тэд вакцинжуулалтыг шаардан, ажилтнууд, өвчтөнүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Хатагтай Бриджес вакцин тариулахаас татгалзаж болох хэдий ч ийм сонголт хийсэн тохиолдолд өөр газар ажиллах хэрэгтэй болно" хэмээн мэдэгджээ.
Гэвч Бриджес болон түүнтэй нэгдсэн бусад ажилтнууд АНУ-ын Дээд шүүхэд хандана гэж зарлан, "Энэ бол зөвхөн эхлэл. Бид урт удаан хугацааны турш тэмцэх болно" хэмээн сэтгүүлчдэд хэлсэн юм.
Эдгээр ажилтнууд өөрсдийн нөхцөл байдлыг Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистууд бөөнөөр хорих лагерьт эмнэлгийн туршилт хийж байсантай зүйрлэн ярьсан байна. Харин шүүгчийн зүгээс энэхүү харьцуулалтыг зэмлэн буруушаасан бөгөөд коронавирусийн вакцин нь туршилтын шинжтэй, аюултай гэсэн мэдээлэл нь худлаа болохыг онцолсон байна.
Одоогийн байдлаар "Хьюстон Методист" эмнэлгийн нийт 178 ажилтан вакциныг эсэргүүцэж байгаа аж. Эмнэлгийн удирдлагууд тэднийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн цалингүй түдгэлзүүлээд байгаа бөгөөд хэрэв тэд 6 дугаар сарын 22-ны дотор вакцин тариулахгүй бол ажлаас нь халахаар шийдвэрлээд байгаа гэнэ.
Үүний дараагаар тус улсын Вашингтон, Индиана, Мэрилэнд, Пенсильвани, Нью Йорк зэрэг мужийн эмнэлгүүд ижил шаардлагыг ажилтнууддаа тавих болсон бөгөөд мөн адил эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж.
АНУ-ын Хүнс, эмийн газраас коронавирусийн вакцинуудад яаралтай үед ашиглах зөвшөөрөл олгосон хэдий ч эцсийн зөвшөөрлийг олгоогүй байгаа тул ийм төрлийн шаардлага нь хууль бус гэж эмнэлгийн ажилтнууд үзэж байгаа юм.
Зарим мужийн эмнэлгүүд эдгээр асуудлаас зайлсхийхийн тулд вакцинд хамрагдсан ажилтнууддаа урамшуулал санал болгож байгаа аж. Жишээлбэл, Вайоминг мужийн Жексон дахь жижиг эрүүл мэндийн систем нь 5 дугаар сараас өмнө вакцин тариулсан ажилтнууддаа 600 ам.долларын урамшуулал олгосон байна.
Эх сурвалж: Associated Press