ОХУ-ын Новосибирск хотын Гусинобродское хурдны зам дагуу байрлах "Еврогаз" шатахуун түгээх станцад гал гарч, улмаар томоохон дэлбэрэлт болсон байна.
Өнгөрөгч даваа гарагт болсон уг дэлбэрэлт нийт 800 метр квадрат талбайг хамарсан гэж албаныхан мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тус станцын ажилтнууд шатахууны нөөцлүүр савтай ачааны машиныг зөв бэхлэн зогсоогоогүй байхдаа шатахуун гадагшлуулснаас болж гал гарсан аж. Ингээд удалгүй шатахуун хадгалах савнууд галд автан, дэлбэрсэн байна.
Тэгвэл орон нутгийн гал сөнөөгчид яаралтай ажиллан, даваа гарагийн 21:48 цагийн байдлаар галыг бүрэн унтраасан гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгджээ. Дэлбэрэлтийн улмаас нийт 35 хүн шархадсан бөгөөд тэдний дунд хэргийн газарт хамгийн түрүүнд очсон хоёр гал сөнөөгч байгаа аж.
Онцгой байдлын яамны албан тушаалтан "Гал, дэлбэрэлтэд нийт 35 хүн өртсөн. Тэдний ихэнх нь галд түлэгдсэн бөгөөд 20 иргэнийг эмнэлэгт хүргэн, шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Харин 15 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний дараа гэрт нь явуулсан" хэмээн ярьжээ.
Мөн эмнэлэгт хүргэгдсэн 10 өвчтөний биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.