"Rhaphidophora Tetrasperma" гэх нэртэй маш ховор тасалгааны ургамал Шинэ Зеландын "Trade Me" дуудлага худалдааны платформ дээрээс 19,297 ам.доллароор зарагдаж, шинэ дээд амжилт тогтоожээ.
Цагаан алаг өнгөтэй бөгөөд ердөө есөн навчтай тус ургамлыг өөрийн болгохын тулд нийт 248 хүн өрсөлдсөн байна. Ингээд дуудлага худалдаа ням гарагийн орой хаах үеэр ургамлын эцсийн үнэ нь сүүлийн дөрвөн минутад гэнэт өсөн, ялагч тодорсон гэнэ. "Trade Me"-гийн төлөөлөгч Милли Силвестр "Энэхүү ургамал нь манай дуудлага худалдааны платформ дээр зарагдсан хамгийн үнэтэй тасалгааны ургамал" хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн уг цахим дуудлага худалдааг 102 мянга гаруй хүн сонирхон үзсэн байна. Шинэ Зеландад сүүлийн хоёр жилийн хугацаанд тасалгааны ургамлууд маш алдартай болж байгаа бөгөөд ховор ургамлуудын эрэлт өсөх тусам үнэ нь өсөж байгаа юм.
Энэ удаагийн шинэ рекорд тогтоосон ургамал нь Тайланд, Малайзаас гаралтай аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.