АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар энэ сарын 16-ны өдрийн лхагва гарагт Швейцарийн Женев хотод нүүр тулан уулзах гэж байна. Уулзалтын эхэнд ажиглагчид Байдены Америкийн төрийн тэргүүний үүднээс Путинтай хийж буй анхны уулзалт тийм ч нөхөрсөг байхгүй болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байгаа юм.
Юун түрүүнд ОХУ нөхөрсөг бус харилцаатай улс орнуудын жагсаалтаас АНУ-ыг албан ёсоор хасаагүй хэвээр байна. Талууд хоорондын харилцаагаа хамгийн доод түвшинд байгаа гэж тодорхойлдог ба одоогоор харилцан элчин сайд суугаагүй. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа Байден Путиныг “алуурчин” гэж хэлжээ.
Гэхдээ хоёр төрийн тэргүүний уулзалт бэлгэ тэмдгийн хувьд маш чухал. Учир нь Оросыг Америктай дүйцэхүйц холбоотон гэдгийг харуулах юм. Путин өөрийнхөө эрх мэдэл, хүч нөлөөг АНУ-ын төрийн тэргүүнтэй эн тэнцэхүйц гэдгийг харуулахыг хүсч байгаа гэдэг нь тодорхой гэж улс төрийн шинжээч Лилиа Шевцова хэлсэн байна.
Чухам яагаад уулзалтаа Женевт хийхээр сонгосныг хөндвөл 1985 онд хүйтэн дайны он жилүүдэд Рональд Рейган, Михайл Горбачев нар анх удаа Женевт уулзаж байжээ. Тиймээс тус газар хувийн харилцаа холбоо, улс төрийн нөхцөл байдал аль аль талаасаа 1985 оны уулзалтыг санагдуулахаар байна. Тиймээс ирэх лхагва гарагийн уулзалт нөхөрсөг болохгүй ч дайсагнасан уур амьсгалыг зөөлрүүлнэ гэж найдах ажиглагчид ч байна.
Өнөөдөр Цагаан ордон ОХУ-тай тогтвортой, урьдаас төлөвлөсөн харилцаатай байхыг зорьж байна хэмээн мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.