Энэ удаагийн Халуун сэдэв булангаар Эдийн засгийн байдал ба валютын ханш сэдвийн хүрээнд эдийн засагч Д.Бямбасайхантай ярилцлаа.
-Энэ онд нэг ам.доллар 3087 төгрөгт хүрэх тооцоог эдийн засагчид гаргасан байна. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2848 төгрөгтэй тэнцэж байна. Ам.доллар 3000 хүрэх уу?
Эдийн засагч Д.Бямбасайхан: Бүтэн нэг жилийн хугацаанд ам.доллартой харьцах төгрөгийн ханш тогтвортой байлаа. Монголбанк дөрөвдүгээр сард 4.9 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон байна. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч эхэлсэн. Монголбанк “Монгол Алт” хөтөлбөрийн хүрээнд алтны нөөцийг цуглуулж чадаж байгаа. Гадагшаа урсдаг валют сүүлийн хагас жил “хаалттай” байлаа. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт ихээхэн нөлөөлсөн байгаа. Хил гаалийн түгжрэл, түүхий эдийн дутагдлаас болж, тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Гэсэн хэдий ч ам.доллар 3000 хүрэхийг хэн ч хүсэхгүй.
Ам.доллар энэ ондоо бол өсөхгүй. Гэхдээ ам.долларыг 3000 давуулахгүй гэвэл ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Халдварын тохиолдол буурснаар хил гааль чөлөөтэй болж, бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтэрнэ.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа импортын бараа бүтээгдэхүүний өсөлт гараад байна. Үүнтэй холбоотой ам.долларын өсөлт гарч болзошгүй гэж харж байгаа?
-Манай улсын хувьд үндсэн түүхий эд үйлдвэрлэгч биш болохоор хоёр, гуравдагч хөршийн хамааралтайгаар түүхийн эдийн дутагдлаас болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа болов уу. Ам.доллар, шатахууны үнэ өссөнөөс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Импортын хүнсний бараа бүтээгдэхүүн тээвэрлэлт зэргээс болж нөлөөлж байна. Энэ ч үүднээс Засгийн газраас холбогдох газруудад үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа харагдсан.
Их хямралын дараа их тэсрэлт болдог. Энэ онолоор үзэхэд бүтэн жил бүтээн байгуулалт хийгээгүй, төмөр, нүүрс, зэс, алтны үнэ өсөж байгаа учраас орж ирэх орлого маань манай улсын эдийн засагт маш том түлхэц болно. Энэ боломжийг атгах ёстой. Тэгэхээр Засгийн газар цаашид ямар нэгэн улс төржилтөөр биш эх орон, эдийн засгаа гэсэн шийдвэр гаргах ёстой.
Иргэн, аж ахуйн нэгжүүд ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа хамрагдах хэрэгтэй. Ковидгүй улс болсноор иргэн, аж ахуйн нэгж, улсын орлого нэмэгдэнэ гэдгийг хаа хаанаа бодох ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.