БНХАУ-ын Ю Жиэнша гэх нэртэй нэгэн эмэгтэйн сормуус нь 20 см гаруй урт ургаж, тэрээр өөрийн Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Түүний хамгийн урт сормуус нь 20.32 см гэж хэмжигдэн, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна.
Ю Жиэнша анх 2016 оны 6 дугаар сард Гиннесийн дээд амжилтын эзэн болж байсан бөгөөд тухайн үед түүний хамгийн урт сормуус нь 12.3 см урттай байжээ. Түүний сормуус яагаад ийм урт ургаж байгааг эмч нар одоог хүртэл олж тогтоогоогүй гэж Ю хэлсэн байна.
Тэрээр энэ талаар "Миний сормуус 2015 онд гэнэт урт ургаж эхэлсэн. Сормуус маань аажим аажмаар ургаж, улам урт болсоор байгаа. Би олон эрүүл мэндийн мэргэжилтэнд хандан, миний сормуус яагаад бусад хүний сормууснаас илүү урт ургаж байгааг олж мэдэхийг хичээсэн. Гэвч ямар ч эмч үүнийг тайлбарлаж чадаагүй бөгөөд тэд үнэхээр их гайхширсан" хэмээн ярьжээ.
Ю үргэлжлүүлэн "Би мөн шинжлэх ухааны аливаа шалтгааныг олох гэж оролдон, өөрийн гений талаар ч судалж үзсэн. Гэхдээ манай гэр бүлийн хэн нь ч над шиг урт сормуусгүй учир би өөрөө ч үүнийг тайлбарлаж чадахгүй" гэж Гиннесийн номын төлөөлөгч нарт хэлжээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.