Номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчлан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ бол “Номын ертөнц” ТББ-гаас зохион явуулдаг уламжлалт “Номын баяр” юм. Жилд хоёр удаа болдог тус арга хэмжээнд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, зураач, 50000 гаруй уншигч сонирхогчид оролцож байна.
Энэ удаад 29 дэх “Номын баяр”-ыг “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 11-13-ны хооронд уламжлал ёсоор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Мэдээж уншигчид ганцхан удаа сөхөөд харчихдаг ном байхад цаг хугацааны эрхээр үнэ цэнээ огт алддаггүй ахин дахин уншсаар байдаг номууд ч бий. Нөгөөтээгүүр сайн номыг үргэлж уншиж байх хэрэгцээ боловсролыг илүүтэйгээр чухалчлах болсон өнөөгийн нийгэмд тулгарч байна. Тиймээс л “Илүү их уншъя” гэх энэ гурван үгийг хүн бүр өөртөө цаг ямагт сануулдаг байгаасай хэмээн хүссэн байх.
Хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-50 хүртэлх хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч шүүрэн авч болох юм. Зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан авах ховор тохиол бүрдэх номын баяраас онцлон хэд хэдэн зохиолчтой уулзлаа.
МУСГЗ Г.Мэнд-Ооёо: Миний уран бүтээлийн чуулган болох 10 боть номыг Өвөр Монголын Ардын хорооноос монгол бичгээр хэвлэсэн. Эдүгээ Өвөр Монголд монгол бичгийн хэрэглээ хумигдсанд Монголын уншигчид сэтгэл зовнисон. Энэ ч үүднээс монгол бичгээр номоо хэвлүүлсэндээ олзуурхахаас гадна нь уншигчид ихээхэн сонирхон худалдан авч байна.
Зохиолч БШүүдэрцэцэг: Миний таван роман болон сүүлд хэвлэгдсэн Ялагсад хэмээх номоороо оролцож байна. Ялагсад номын хувьд цагийг эзэлсэн дэлхийн болон Монголын сод эмэгтэйчүүдийн намтрыг багтаасан. Эмэгтэйчүүдийн ширээний ном болно нь гэдэгт итгэж байна. Түүнчлэн Хотол цагаан гүнж роман маань зарагдаж байгаа. Уг роман дээр сэдэвлэсэн кино маань 2021 оны 11 дүгээр сарын 29-нд нээлтээ хийнэ. Цаашлаад олон улсад гаргахаар төлөвлөсөн учраас цаг хугацаандаа зураг авалтаа хийж дуусгахаар шахуу ажиллаж байна. Төрөөс олны хэсэгт тоглох цэрэг, отог майхны дэмжлэг хүссэн ч нааштай хариу өгөхгүй байна. Энэ бол Б.Шүүдэрцэцэг гэдэг хүний кино биш Монголын кино гэж олон улсад нэрлэгдэнэ шүү дээ.
Номын баярын үеэр маш олон шинэ ном, зохиол анхлан худалдаалагдаж эхэлдэг. Тэгвэл энэ удаад зохиолч Г.Аюурзаны “Шинэ үеийн номын сан” 10 хар цуврал ном 19 цуврал болон дахин хэвлэгдэж нээлтээ хийлээ. Уг цувралд "Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд", "Зэн буддизм: Амьдралаас ангижрахуй", "Дэлхийн сонгомол өгүүллэг", "Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" зэрэг зохиолчийн шилдэг номууд багтжээ.
Нобелийн шагналт Японы зохиолч Кавабата Янсүнари хэмээх “Мянган тогоруу” ном уншигчдын гар дээр анх удаа очиж байна. Уг номын хувьд Японы соёлын нэгээхэн хэсэг болох цайны ёслолоор дамжуулж хүний дотоод сэтгэлийг харуулдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.