Мьянмарын армийн нисэх онгоц өнгөрөгч пүрэв гарагт тус улсын төв Мандалай бүсэд осолдож, дор хаяж 12 хүн нас барсан болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд тус улсын Буддын шашны алдарт лам байсан аж.
Энэхүү онгоц нь нийслэл Найпитаваас Маймио хот руу нисэж явжээ. Зорчигчдын дунд зургаан цэргийн алба хаагчаас гадна Маймио дахь шинэ хийдийн суурийг тавих ёслолын ажиллагаанд оролцох хоёр лам болон зургаан сүсэгтэн байсан аж. Онгоц Маймио хотын "Анисахан" нисэх онгоцны буудал дээр газардахаар зэхэж байхдаа осолдсон бөгөөд тэр үед цаг агаар тааламжгүй байсан гэж албаныхан тэмдэглэсэн байна.
Төрийн мэдлийн "Мявадди" телевизийн мэдээлснээр ослоос амьд үлдсэн хоёр хүний нэг нь бага насны хүү байжээ. Өөр нэгэн амьд үлдсэн хүн нь цэргийн алба хаагч бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн гэх мэдээлэл гараад байсан хэдий ч хэд хэдэн батлагдаагүй эх сурвалж түүнийг нас барсан гэж мэдээлсэн байна.
Ослын улмаас нас барсан ахмад лам нь Пьинмана дахь "Зай Коне" хийдийн хамба лам байжээ. Тэрээр 90 орчим настай байсан бөгөөд Мьянмарын төрийг эрхийг гартаа аваад буй хунтын дэглэмийн тэргүүн, ахлах генерал Мин Аун Хлаингийн холбоотнуудын нэг байсан аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.