Хөдөлмөрийн Үндэсний Намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
ХҮН-ын дарга Т.Доржханд:
-Энэ сонгууль өмнөх 30 жилийн турш болж өнгөрсөн сонгуулиудаас маш ялгаатай сонгууль боллоо. Нэг нэгнээ харлуулж, муулаагүйгээрээ онцлог байлаа. Мөн хамгийн зардал багатай сонгууль боллоо.
Хамгийн олон санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэе. Энэ эрхэм нэр хүндтэй албыг нэр хүндтэйгээр авч явна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Мөн бидэнтэй хамт өрсөлдсөн С.Эрдэнэ танд бас баярлалаа.
"Зөв-ХҮН-Электора"т эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн Д.Энхбат эмнэлэгт хэвтэж байна. Бидэнд саналаа өгсөн 245 655 сонгогч нартаа "Зөв -ХҮН -Электорат" эвсэл болон нэр дэвшигчийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Бидний дэмжигчдийн тоо өссөн хэвээрээ байна. Иргэд биднийг дэмжиж байна. Иргэдийн 20 орчим хувь нь биднийг дэмжиж байгаагаа хоёр удаагийн сонгуулиар илэрхийллээ. Энэ бол бидэнд маш их урам зориг өгч байна. Цаашид бид Монголын улс төрд шинэ салхи салхилуулах, эрүүл, боловсролтой, Монголын ард түмнийг төлөөлж чадахуйц хүмүүсийг нэр дэвшүүлсээр байх болно. Бид бодлогоороо, үнэт зүйлээрээ, зарчмаараа өрсөлддөг шинэ соёлыг түгээж чадна гэдэг итгэл үнэмшлээ бататгаж чадлаа.
Манай нэр дэвшигч хэд хэдэн хэсэг дээр ялалт байгуулсныг дурдах нь зүйтэй. Ялангуяа гадаадад байгаа сонгогчдын 75,4 хувь нь "Зөв-ХҮН-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад саналаа өгчээ. Үүгээрээ ардчиллаа хамгаалах, ардчилсан сонгуулиа хамгаалах оролцоог гадаад дахь монголчууд маань үзүүллээ.
Маш том онцлог нь манай эвсэл 1,2 тэрбумын зардал гаргасан. Энэ хандивын дийлэнхийг гадаад дахь монголчууд шилжүүлсэн. Үүгээрээ бид сонгуулийг зардалгүйгээр, иргэдийнхээ хандиваар явуулж болдгийг харуулж чадлаа.
Дангаасүрэнгийн Энхбат гэдэг хүн бол сонгуульд орно гэдгээ мэдээгүй явж байгаад, ердөө нэгхэн сарын өмнө шийдвэрээ гаргаж Монголд орноороо тойрч, сурталчилгаагаа хийлээ. Ялангуяа Дефакто Д.Жаргалсайхан найзынхаа өмнөөс дэвшиж байгаа мэт дэмжин ажиллалаа. Мөн нэр дэвшигчийн гэргий Д.Оюунцэцэг гэж эмэгтэйд талархах нь зүй. Нөхрөө дэмжээд, олон залуусын итгэл тээгээд монгол орноороо тойрч, аялах явцдаа хүнд өвчин туссан ч олон залуусын сэтгэлд гэрэл асааж чадсан. Нэр дэвшигч, эгэл жирийн инженер Д.Энхбат, түүний гэргий нарт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
ХҮНам хэн нэгнийгээ анхнаасаа буруушаахгүй гэж амалсан. Тэр ч амлалтдаа хүрч чадлаа. Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгодсон У.Хүрэлсүх болон эрх баригч намд асар их ачаа нэмэгдлээ. Үүнд ХҮН зөв зүйл дээр нь дэмжиж, буруу зүйл дээр нь шүүмжлэх цагт нь шүүмжлээд, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлээд явна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төв,даруу зөв үг хэлж байнаа Чадахын төлөө л амьдарцгаая Муу муухайгаасаа хурдан салахын тулд хүн бүхэн хичээх хэрэгтэй Улстөр гэдэг үгийг утгатай үг болгоё ярьдаг,тэр тусмаа муу муухай юм ярьдаг биш хийдэг бүтээдэг ард түмэн болоё Ужгирсан муухайгаас ул суурьтай,түргэн,бүр үтэр түргэн салцгаая Бүгдэд нь амжилт хүсэе!