Найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль улс орон даяар амжилттай үргэлжилж байна. 19 цагийн байдлаар Улсын хэмжээнд сонгуулийн ирц 47.1 хувьтай буюу 861 441 сонгогч саналаа өгсөн байна.
Орон нутгуудаас Сүхбаатар, Хэнтий, Завхан аймагт сонгуулийн ирц 50 хувь давсан бол хамгийн муу ирцтэй нь Сэлэнгэ аймаг 37,8 хувийн ирцтэй байна. Харин Улаанбаатар хотын хэмжээн 47.6 хувийн ирцтэй байна. 20-34 насны иргэдийн идэвх муу байгааг онцолж байна.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 959,588 сонгогч буюу 47 хувийн ирцтэй байна. 14 хэсгийн хорооны санал нэгтгэгдээгүй байна.
Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх удаагийн сонгуулийн 18:00 цагийн ирцтэй ойролцоо байна. Санал авах байрууд хаагдахад хоёр цаг үлдээд байна. Тиймээс сонгогчдоо саналаа өгөхийг СЕХ-ноос уриалж байна.
Сонгуулийн ирц одоогоор 50 хувь буюу ирцийн босго даваагүй байна. Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ. Хуулиараа СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.