АНУ-ын Нью-Йоркод төвтэй эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэгч, ашгийн бус Pro Publica байгууллага Америкийн хамгийн чинээлэг 25 эрхмийн татварын баримтыг ил тод болгон зарлажээ. Эдгээр чинээлэг эрхмүүдийн дунд Америкийн төдийгүй дэлхийн хамгийн баян эрхмүүдийн тоонд багтдаг Жефф Безос, Уоррен Баффет, Элон Маск зэрэг багтсан байна.
Уг мэдээлэл ил болсны дараа Ерөнхийлөгч Жо Байдены ажлын хэсэг Дотоодын орлогын албаны Засгийн газрын нууц мэдээлэл хэрхэн, ямар замаар алдагдсаныг шалгаж эхэлсэн гэдгийг мэдэгдсэн байна.
Pro Publica-ын мэдээлснээр Безос, Баффет, Маск нар 2014-2018 оны хооронд хөрөнгө нь огцом өсч, дэлхийд тэргүүлэх тэрбумтнууд байсан хэдий ч ердөө ашиг орлогынхоо 3,4 хувийг татварт төлжээ. Дотоодын орлогын албанд бүртгэгдсэнээр 2007 онд Безос хэдийнээ тэрбумтан болсон байсан ч холбооны татварын санд юу ч төлөөгүй байна. Мөн 2011 онд 18 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан боловч мөн л холбооны татвар төлөөгүй ажээ.
Форбесын мэдээллээр 2014-2018 онд Америкийн хамгийн баян 25 хүн 400 гаруй тэрбум ам.долларын ашиг олсон байна. Таван жилийн хугацаанд тэд 13,6 тэрбум ам.долларыг холбооны орлогын татварын санд бүрдүүлжээ. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ тэдний олсон орлогын ердөө 3,4 хувь нь юм.
Гэтэл Америкийн дундаж орлоготой айл өрхүүд орлогынхоо 14 хувийг холбооны татварын санд тушаадаг. Жирийн иргэн 523,600 ам.доллараас дээш орлоготой бол 39,6 хувиа татварт төлөх хууль Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед хэрэгждэг байсан бол үүнийг 37 хувь болгож бууруулсан байдаг ажээ.
Беркшир Хэтэвэй хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулагч Баффет 2014-2018 оны хооронд 125 сая ам.долларын ашиг олж, 23,7 сая ам.долларыг татварт төлсөн гэжээ. Гэвч үнэндээ Баффетын хөрөнгө эдгээр он жилүүдэд 24,3 тэрбум ам.доллараар өссөн тул бодит байдал дээр 0,1 хувийн татвар төлсөн гэсэн үг юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.