Өмнөд Солонгосын Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ким Мин Жи багийн гишүүдээ дээрэлхдэг байсан нь ил болсны дараа түүнийг 12 жилийн турш аливаа тэмцээн, уралдаанд оролцохыг хоригложээ. Ингэснээр тэрээр энэ зуны Токиогийн олимпод оролцох боломжгүй болж байгаа юм.
Ким өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Олимпын эрх олгох тэмцээнд тэргүүн байр эзлээд байсан билээ. Гэвч БНСУ-ын Буудлагын спортын холбооноос Ким Мин Жид уг шийтгэлийг олгосон болохоо өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн байна. Тус холбооны дүрмийн дагуу дор хаяж хоёр сарын хугацаатай сахилгын шийтгэл авсан тамирчныг Олимпын шигшээ багаас хасдаг аж.
Өмнөд Солонгосын Буудлагын спортын холбооноос түүнчлэн Кимийн нөхөр болох нэг тамирчныг 11 сарын турш түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Уг эрэгтэй нь мөн Үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд багийн гишүүдээ бас дээрэлхдэг байсан гэнэ.
Тус улсын Спорт ба Олимпын хорооноос Кимийг түдгэлзүүлсэн хугацааг эрс багасгасан тохиолдолд л тэрээр "Токио 2020"-д оролцох эрхтэй болох юм. Үүний тулд Ким долоо хоногийн хугацаанд тус хороонд давж заалдах хүсэлт гаргах хэрэгтэй аж.
32 настай Ким Мин Жи нь 2014 оны Азийн наадмын үеэр буудлагын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийг хүртэж байжээ. Тэрээр мөн 2010 болон 2018 оны Азийн наадамд оролцон, мөнгөн медаль ба хүрэл медалийг тус тус хүртсэн байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.