Нэрт зураач Леонардо да Винчигийн алдарт "Мона Лиза" зургийн хуулбарыг Парист дуудлага худалдаагаар зарах гэж байгаа бөгөөд уг бүтээл нь 300 мянган евро буюу ойролцоогоор 365,645 ам.долларын үнэд хүрэх төлөвтэй байна.
Энэхүү хуулбар зургийг да Винчигийн нэгэн дагалдагч 17-р зууны эхэн үед бүтээсэн гэж мэргэжилтнүүд үздэг бөгөөд хуучин эзэн Рэймонд Хеккингийнх нэрээр "Мона Лиза Хеккинг" хэмээн нэрлэх нь элбэг байдаг аж. Хеккинг түүнчлэн Луврын музейд байрлах "Мона Лиза"-гийн эх хувь жинхэнэ эсэхэд эргэлздэг байсан юм.
"Christie's" дуудлага худалдааны газрын Парис дахь салбар нь наймааг зохион байгуулах бөгөөд төлөөлөгч нь "Мона Лиза ба Леонардо да Винчи нь үеийн үед хүмүүсийн анхаарлыг татан, сэтгэлийг нь булааж байсныг энэхүү хуулбар бүтээл ба түүх нь илтгэнэ. Мона Лиза Хеккинг бол урлагт хайртай хүн бүхний мөрөөдөл юм" хэмээн тэмдэглэжээ.
"Мона Лиза" нь дэлхийн хамгийн алдартай уран зураг хэмээн олон шинжээчид санал нийлдэг бөгөөд Италийн Сэргэн мандалтын үеийн мастер Леонардо да Винчи нь түүхэн дэх хамгийн агуу зураачдын нэгд тооцогддог билээ. Тус алдарт зургийн хуулбар нь ийм өндөр үнэд хүрэх төлөвтэй байгаа нь үүний баталгаа болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.