АНУ-ын хий, шатахуун дамжуулах хамгийн том хоолой болох Колониал хоолой нь өнгөрсөн сард цахим халдлагад өртөж, компанийн удирдлагууд хакерчдад 4.4 сая ам.долларын барьцаа мөнгө төлсөн билээ. Тэгвэл тус улсын албаныхан уг мөнгөний ихэнх хувийг эргүүлэн олж авсан байна.
Цахим халдлагыг үйлдсэн "DarkSide" кибер гэмт хэргийн бүлэглэл нь зүүн Европ, магадгүй ОХУ-аас үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Колониал хоолойн эздээс их хэмжээний барьцааны мөнгийг биткойн хэлбэрээр шаардсан юм. Тухайн үед компанийн Гүйцэтгэх захирал Жозеф Блоунт барьцаа мөнгийг төлсөн гэдгээ мэдэгдэн, "Энэ шийдвэрийг гаргахад амар байсангүй. Гэхдээ улс орныхоо төлөө хийх ёстой зөв зүйл байсан" хэмээсэн билээ.
Тэгвэл АНУ-ын мөрдөн байцаагчид барьцаа мөнгөний "дийлэнх хувь" буюу 2.3 сая ам.долларын үнэтэй 63.7 биткойныг "буцаан олж авсан" гэж тус улсын Ерөнхий прокурорын орлогч Лиза Монако мэдээлсэн байна. Энэ нь барьцааны мөнгийг эргүүлэн "хулгайлсан" анхны тохиолдол байж магадгүй бөгөөд цахим халдлагын эсрэг тууштай тэмцэж буй тус улсын хувьд том ялалт юм. Магадгүй үүний улмаас мэргэжилтнүүд барьцааны мөнгөө хэрхэн буцааж авсан талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа байх.
Гэвч АНУ-ын Засгийн газраас компаниудыг хакерчдад барьцаа мөнгө төлөхгүй байхыг зөвлөж байгаа юм. Шаардсан мөнгийг нь төлөх нь ирээдүйд ийм төрлийн халдлагыг улам нэмэгдүүлэх бөгөөд үүний оронд бизнес эзэмшигчдийг цахим аюулгүй байдлаа сайжруулах арга хэмжээ авахыг уриалжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Жо Байден энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзалт хийх төлөвтэй байгаа бөгөөд энэ үеэрээ ийм төрлийн цахим халдлагын асуудлыг хөндөнө гэж АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.