Пакистаны өмнөд хэсгийн Синдх мужид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, дор хаяж 30 хүний амь үрэгдэн, олон арван хүн шархаджээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Карачигаас ирж байсан "Millat Express"-ийн галт тэрэг замаасаа гаран, өмнөөс нь ирж байсан галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас хоёр дахь галт тэрэг нь хөмрөн, найман вагон сүйдсэн бөгөөд үүний улмаас дотор нь хавчуулагдсан зорчигчдыг аврахад хүндрэл учирч байгаа аж.
Аврах багийнхан шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа гэж мэдэгджээ. Одоогоор эхний галт тэрэг нь яагаад замаасаа гарсан нь тодорхойгүй байна.
Пакистан улсад сүүлийн жилүүдэд галт тэрэгний осол цөөнгүй гарч, олон хүн амиа алджээ. Галт тэрэг нь тус улсын дундаж ба бага орлоготой иргэдийн түгээмэл хэрэглэдэг тээврийн хэрэгсэл бөгөөд вагонууд ихэвчлэн багтаамжаасаа илүү их хүнийг тээвэрлэдэг байна. Эрх баригчдын мэдээлснээр эдгээр галт тэрэгний ослын гурван том шалтгаан нь дохионы асуудал, хуучин хөдөлгүүрүүд болон замын засвар үйлчилгээний хангалтгүй байдал аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.