Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: "Коронавирусийн нөхцөл байдал маш хүнд байна. Энэ долоо хоногт өдөр бүр 900-аас дээш, мянга гарсан халдварын тохиолдлууд улсын хэмжээнд бүртгэгдлээ. Энэ хугацаанд нийт 7,700 орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь сүүлийн долоо хоногт онош нь батлагдсан хүмүүс байгаа юм.
Нэг хүний цаана 3-4 хүний эрсдэл байгаа гэж тооцвол зөвхөн энэ долоо хоногийн батлагдсан тохиолдлуудын цаана 20 мянга гаруй хүн эрсдэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр халдварын тархалт нийгмийн хүрээнд маш өндөр байна.
Мөн халдвар авсан иргэдийн ихэнх нь вакцин тариулаагүй хүмүүс байгаа юм. Энэ долоо хоногийн батлагдсан тохиолдлуудын 30 орчим хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. Тиймээс хүүхдүүдээ аль болох гадуур гаргахгүй байж, халдвар, хамгаалалтын дэглэмийг нь чанд сахиулах хэрэгтэй байгааг анхаарна уу.
Эрдэмтэн, судлаачдын тооцоолж байгаагаар энэ сарын 15-наас вакцины нөлөөлөл мэдэгдэхүйц гарч ирэх төлөвтэй байна. Тиймээс 15-ны өдрөөс хойш халдварын тархалт буурах чиг хандлага ажиглагдаж магадгүй" хэмээсэн юм.