Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагт 7,500 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1,288 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 65,266 болж байна. Бүх шинэ тохиолдол дотоодоос илэрсэн бөгөөд үүний гурав нь эмнэлгээс шалтгаалах халдвар юм. Улаанбаатар хотоос 1,027 халдварын тохиолдол илэрсэн бөгөөд үлдсэн 285 нь орон нутгаас илэрчээ.
Мөн сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан дөрвөн иргэн нас баржээ. Тодруулбал, 5 дугаар сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй, 5 дугаар сарын 29-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй, 6 дугаар сарын 1-нд онош нь батлагдсан найман настай эмэгтэй болон 6 дугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нар нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт нас баралт 311 болоод байна.
Харин 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 53,780 болжээ.
Улсын хэмжээнд нийт 5,802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 3,430 нь хөнгөн, 1,765 нь хүндэвтэр, 475 нь хүнд, 132 нь маш хүнд байдалтай байна. Харин гэрийн хяналтад 5,349 хүн хөнгөн хэлбэрээр өвчлөн, эмчлүүлж байгаа юм.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 19,753 хүн "Ковид-19"-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэний 83.7 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Харин хөдөө орон нутагт вакцин хийлгэх нийт хүний 63.9 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Улсын хэмжээнд 2.67 сая хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.87 сая, хоёрдугаар тунд 1.51 сая иргэн хамрагдаад байгаа аж.