Хятадын Бээжин хотын Фэнтай дүүргийн нэгэн оршин суугч алга болсон нохойг нь олж өгсөн хүнд байшин бэлэглэнэ хэмээн мэдэгджээ. Удалгүй түүний алга болсон нохойн зурагтай хуудаснууд нь олон нийтийн сүлжээгээр тархаж, олон сайн дурынхан нохойг хайх ажилд нэгдсэн байна.
Уг корги нохой нь өнгөрсөн долоо хоногт алга болсон аж. Сюй овогтой эзэн нь "Манай гэр бүлийн гишүүд бүгдээрээ нохойдоо үнэхээр их хайртай. Тиймээс түүнийг олж өгсөн хүнд би Фэнтай дүүргийн Сишанжиа дахь байшинг өгөх болно. Энэ бол хатуу амлалт" хэмээн бичсэн байсан бөгөөд холбоо барих утсаа дурдсан байжээ.
Тэгвэл тус бүсийн Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн албанаас алга болсон нохойны хэрэг бодит болохыг нотолсон боловч байшин бэлэглэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Нохойгоо хайж буй хүний тараасан хуудсанд дурдсан байшин нь ерөнхий арилжааны зориулалттай өмч биш бөгөөд тодорхой хязгаарлалтуудтай гэж тус албаны ажилтан тэмдэглэжээ.
Тэрээр "Уг байшинг хэн нэгэнд шууд өмч болгон өгөх боломжгүй. Тийм ч амархан шилжүүлэх өгөх боломжгүй" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Global Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.