Шударга сонгуулийн төлөөх "Иргэний нийгмийн хяналт" сүлжээнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын хяналт, мониторингийн дүн танилцууллаа.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн "Бодлогод залуусын хяналт" ТББ нь Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд бүртгүүлэн, сонгуулийн зардлын тайлангийн мониторинг болон сонгуулийн өдрийн ажиглалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
"Бодлогод залуусын хяналт" ТББ-аас томилогдсон ажиглагчид БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио, АНУ-ын Нью-Иорк хот дахь ЭСЯ-ны 2021 оны Ерөнхийлөгчийн санал авах ээлжит сонгуулийн санал авах үйл явц дээр ажиллажээ.
Албан ёсны мэдээллээр гадаадад 122 мянган сонгуулийн насны иргэн байгаагаас 7394 сонгогч буюу 6.6 хувь оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнээс 76 хувь нь буюу 5618, нийт гадаадад байгаа сонгогчдын 4.6 хувь нь саналаа өгсөн байна. Үүнд, сонгогчдын бүртгэлээс эхлээд гадаадад санал авах процессыг нарийвчлан зохицуулаагүй нь нөлөөлж байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг 5 сарын 30, 31-ний өдрүүдэд авсан бөгөөд дээр дурдсан хотуудад ажилласан ажиглагчдын мэдээллээс үзвэл хууль тогтоомжийн ноцтой зөрчил гараагүй байна.
Дотоодын сонгогчдын нэрийн жагсаалтын хяналтыг хариуцсан "МИДАС" ТББ-ын зүгээс хамгийн олон сонгогчтой БЗД-т сонгогчдын бүртгэлээс мэдээллийг түүвэрлэн шалгаж байна. Үүнд нэг хаяг дээр олон хүн (зургаагаас дээш) бүртгэлтэй байгаа эсэхийг шалгахад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс цөөн тооны хүн амьдардаг, илүү бүртгэлтэй иргэдийн талаар оршин суугчид нь мэдэхгүй байх, хаяг дээрээ амьдардаггүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй шилжсэн гэх мэт зөрчлүүд багагүй гарч байна гэв.