МАН 100 жилийнхээ ойн хүрээнд иргэний нийгмийн болон ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дууслаа.
Ингэснээр тус намын бодлого, үйл ажиллагаа төдийгүй сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг иргэний нийгмийн 150 гаруй байгууллага дэмжин ажиллахаар баталгаажуулав. Энэ удаад “Иргэдийн шударга шүүх”, ТББ “Эх орончдын нэгдсэн нам”, “Сахигтун” үндэсний хөдөлгөөн, “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” ТББ, “Улс, хот хоорондын зорчигч тээврийн нэгдсэн холбоо”, “Худалдаачдыг хамгаалах сан”, “Хийн түлшний холбоо”, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ээлтэй ертөнц” төв, “Бүгдээрээ хэлэлцье” ТББ зэрэг 30 орчим байгууллага санамж бичиг байгуулав.
МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” уриаг дэвшүүлэн оролцож байгаа бөгөөд МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн боловсруулсан. Улмаар УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, хөтөлбөрт үндэслэсэн томоохон мөрийн хөтөлбөртэйгөөр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Тийм ч учраас МАН-аас нэр дэвшигчийн давуу тал нь УИХ, Засгийн газартайгаа нэг бодлоготой, нэг цонхоор харж, хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Энэ тухайд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын ард түмний дунд социологийн судалгаа хийж, олон нийтийн хүсэл сонирхол юунд илүү төвлөрч, ард иргэд маань төр засгаас юу хийхийг хүсэн хүлээж байгааг илүү онцолж, ач холбогдол өгч байна. Ард иргэдийн дунд шударга ёсны хүсэмжлэл өндөр байна. Ингэхдээ шударга ёсыг зөвхөн хууль шүүхийн хүрээнд бус байгалийн баялаг ард иргэдэд тэгш, шударгаар хүртдэг байх шаардлагыг тавьдаг болсон байна. Монгол Улсын хөгжил дэвшлийн хамгийн чухал боломж нь байгалийн баялаг. Үүнийг төр засгийн зүгээс илүү хурдтайгаар эргэлтэд оруулж, улс орон төдийгүй ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө ажиллахыг хүсч байна. Нөгөөтэйгүүр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх дарга Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа байгалийн баялгийн зөв зохистой хэрэглээ, цаашлаад байгалийн баялгийг цөөн тооны олигархи бүлэглэл эзэмшдэг биш, Монгол Улсын хөгжил дэвшил, Монголын ард түмний амьдрал ахуйд илүү нэмэр, тустай байхын төлөө зүтгэж ирсэн зүтгэлийг олон нийт дэмжиж, цаашид энэ тэмцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа нь социологийн судалгаанаас харагдсан юм. Тийм ч учраас МАН У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Уриалгаа ч мөн "Монголчууд баялагаа эзэн байх учиртай" гэж үзээд дэвшүүлсэн. МАН удаа дараагийн сонгуульд иргэний нийгмийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ ч үүднээс эдгээр байгууллагын хөгжилд нэн хэрэгцээтэй хуулиудыг санаачилж, батлуулан хэрэгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахад онцгойлон анхаарч ирсэн. Иргэний нийгмийн байгууллагууд бол ардчиллал, хүний эрх, эрх чөлөөг улам илүү боловсронгуй болгох, илүү өндөр хэмжээнд дээдэлдэг зарчим нь Монгол Улсад чухал гэж МАН үздэг. МАН хүний эрх, эрх чөлөөг батжуулан бэхжүүлэхэд цаашид ч иргэний нийгмийн болон ТББ-уудтай хамтран ажиллах болно” хэмээн онцоллоо.
Түүнчлэн МАН УИХ-д 62 суудалтай олонх байгаа цаг үедаа холбогдох хууль тогтоомжид томоохон өөрчлөлт оруулж, олон улсын стандарт хэмжээнд хүргэсэн хүний эрхийг хамгаалагч, хүний эрхийг дээдлэгч улс төрийн нам болон шинэчлэгдэнэ гэдгийг эрх баригч намын генсек тодотгосон юм. Энэ үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Шударга нийгэм, ард түмний эв нэгдлийн төлөө МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжинэ. Олон нам, эсвэл, төрийн бус байгууллагууд өөр үзэл бодол, чиг үүрэгтэй ч эх орон, шударга ёсны төлөө нэгддэг байх ёстой” гэлээ.