МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр /2021-06-03/ Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам:
“Өнөөдөр Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болсон гэж хэлэхэд буруудахааргүй нөхцөл байдал үүсжээ. Тэнд үзэл бодлынхоо төлөө үнэнч зүтгэж, сайн муу хэлэгдэхээс айлгүй тууштай тэмцэж өдийг хүрсэн С.Эрдэнэ нэр дэвшигч шиг хүний орон зай дутагдаж байна. Тэнд тэнцвэр, хяналт хэрэгтэй” хэмээгээд иргэдийг Ардчиллаар олж авсан сонгох эрх тань мэргэн байг хэмээн уриалсан юм.
Нэр дэвшигч С.Эрдэнэ:
“Хүн бүрийг эрх чөлөөтэй байгаасай, төрийн дарангуйллаас ангид байгаасай гэж хүсэж, тэр боломжийг бий болгож, хамгаалж чадна гэж өөртөө итгэсэн учраас энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Би Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж НИТХ-д дөрвөн удаа, УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд 160 гаруй тогтоол шийдвэр батлуулахад гар бие оролцож, 71 хуулийн төсөл санаачлан, 41 хуулийг батлуулсан байдаг. Энэ хугацаанд иргэдийнхээ итгэлийг дааж, эргээд харахад нүүр бардам байхын төлөө ажиллаж ирсэн гэдгээ өнөөдөр ам бардам хэлж чадна. Монголын төрд 31 жил зүтгэхдээ Ардчиллын үндсэн суурь зарчмаас би хэзээч ухарч байгаагүй. Би хэзээ ч ардчиллаас урваж яваагүй. Би хэзээ ч намаа сольж байгаагүй.Үзэл санаагаа хаана ч, хэзээ ч, хэнд ч худалдаж байгаагүй. Монгол улсын тусгаар тогтнолын үндсэн гол зарчим нь Ардчилал гэж би итгэдэг. Итгэл үнэмшилдээ би тууштай явж ирсэн. Ийм ч учраас өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг харж суух биш тэмцэх гэж та бүхний өмнө зогсож байна” гэлээ.
Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн иргэд нэр дэвшигчид хандан төрийн өндөр албан тушаалтан хүний нэр хүнд ,эд хөрөнгийг бүү хэл улс орныг хохироосон ч тэдэнд хууль үйлчилдэггүй байдлыг халах хэрэгтэйг хэлж байсан юм.
Үүний хариуд нэр дэвшигч С.Эрдэнэ “Хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан Монгол улс” мөрийн хөтөлбөрт “Сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтан нь ёс зүйн зөрчил гаргасан бол олон нийтээс уучлалт гуйх үүргийг хуульчилж, түүнийг огцруулах, чөлөөлөх хууль эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох бие даасан хууль санаачила” хэмээн тусгаснаа хэлсэн юм.
Улс орон нь иргэдээ мөлжиж,тэднийг эрхшээлдээ байлгаж дарангуйллыг тогтоох гэж оролдож байгаад Чингэлтэй дүүргийн иргэд дургүйцлээ илэрхийлж Ардчилсан Монгол улсад ардчилсан ерөнхийлөгч хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.
Ардчилал бол хүн бүрийн үг хэлэх эрх чөлөө, хүн бүрийн оролцоо, хүн бүрийн хариуцлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах сурталчилгааны уулзалтад оролцож, санал бодлоо хэлж, дэмжиж буй Нийслэлчүүддээ талархал илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.