Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал өнөөдөр /2021.06.03/ Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон хоёр талын парламентын бүлгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал:
-Унгар Улс Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутнууд, хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийг өөрийн орны иргэний адил авч үзэж “Ковид 19” цар тахлын дархлаажуулалтад хамруулах болсонд төдийгүй цар тахлын эсрэг “Ковакс” хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж буйд талархал илэрхийлээд Унгар Улс нь Монгол Улсын Зүүн Европ дахь чухал түнш гэдгийг тэмдэглэв. Тэрбээр мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлнэ гээд хоёр талын харилцааны эрхзүйн орчныг бүрдүүлэхэд парламент дахь бүлгүүд онцгойлон анхаарах төдийгүй парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын Тамгын газар хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой учир хоёр талын парламентын Тамгын газрын мэргэжилтнүүдийн туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн хоёр улсын парламентын дэргэдэх судалгааны төвүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, Унгарын Үндэсний Ассамблейн номын сантай танилцах, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг тэрбээр тодотгон, Монголын оюутан залуусыг Засгийн газрынхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийдэгт талархаад, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, цаашид Унгарын хөдөө орон нутгийн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох саналаа илэрхийлэв.
Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласло:
-Хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг гээд ямар ч цаг үед хамт байж бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж байх болно гэдгээ илэрхийллээ. Тэрбээр мөн монгол оюутнуудад зориулсан Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, сургалт цаашид улам гүнзгийрэх, Унгарын Хөдөө аж ахуйн дээд сургуульд монгол мэргэжилтнүүдийг бэлтгэх, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэх зэрэг хамтын ажиллагаанууд улам өргөжиж, хөдөө ахуйн салбар, хүнс боловсруулах технологийн чиглэлд хамтын ажиллагааг төвлөрүүлэх саналаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибалын тавьсан саналуудыг бүгдийг нь ажил хэрэг болгох боломж бүрэн дүүрэн бий талаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалтад Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар байлцаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.
Хатагтай Борбола Анна: “Хоёр орны Элчин сайд нар өрсөлдөх биш хамтын ажиллагааг чухалчилж ажиллаж байна. Тухайлбал, Унгар, Монгол хоёр оронд археологийн малтлагын ажил эхлүүлэх гэж байгаа. Эндээс чухал үр дүн гарна гэдэгт найдаж байна” гэлээ.
Элчин сайд З.Батбаяр: “Унгар-Монголын парламентын хамтын ажиллагааг илүү идэвжхүүлэх боломж бна. Тухайлбал, Унгарын парламентын дотоод бүтэц, хууль батлах процесс, Засгийн газарт асуулга тавьж байгаа байдал гэх мэтийг судалж танилцах. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа гэх мэт манайд нэлээд маргаан дагуулж байгаа асуудлуудыг Унгар улсад хэрхэн шийдвэрлэсэн талаар суралцаж болно. Зөвхөн Унгар биш зүүн европын орнуудын парламентын үйл ажиллагаатай мөн танилцах боломжтой гэлээ. Монгол Улссаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр нь тус улсад суралцаж байсан бол Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Борбола Анна нь манай улсад докторын зэрэг хамгаалсан хүмүүс байдаг.
Аль аль нь суугаа улсдаа мэргэжил, боловсрол эзэмшсэн, хэл, соёлыг нь сайн мэддэг, түүндээ дурладаг нь өөр өөрийн хариуцсан ажилдаа эзэн болоход ихээхэн нөлөөлж, хоёр орны харилцаанд сайн үр дагавар авчирж байгаа гэдгийг бүлгийн дарга Н.Ганибал, Ласло Хорват нар сайшаан тэмдэглэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.