Монгол Улс 6-р сарын 1-ээс хилээ нээж байгаатай холбогдуулан ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Хил нээгдсэний дараа Монгол Улсад ирэх гадаадын болон монгол иргэдийн хувьд ямар нэгэн нэмэлт шаардлага тавихгүй. Заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй. Вакцинд хамрагдаагүй иргэд орж ирвэл долоо хоног тусгаарлана. Харин вакцинд хамрагдсан болон халдвараар өвчлөөд эдгэсэн иргэдийг тусгаарлахгүй. Эдгээр иргэдийг холбогдох бичиг баримтыг үндэслэж хилээр нэвтрүүлнэ.
Дэлхийн бусад улс орнууд хилээр нэвтрүүлэхгүй заавал вакцинд хамруулах хатуу шаардлага тавихгүй байна. Харин ПСР шинжилгээ өгөхийг л шаардаж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй улс хилээ тодорхой хэмжээнд хязгаарласан байна. Харин дэлхийн 10 орчим улс хилээрээ нэвтрүүлж байна. Турк, АНУ, Индонез, Грек гэх мэт орнууд тусгай нөхцөлөөр хилээрээ нэвтрүүлж байна. Манай улсын иргэд олноор зорчдог ОХУ, БНХАУ-тай бид ярилцаж байна.
Унгар, Турк, Эмират, Их Британи, Латви улсуудтай вакцины гэрчилгээг харилцан тохиролцох талаар хэлэлцэж байна. Мөн ОХУ, БНХАУ-тай ч тохирох шатандаа явж байна. Үндсэндээ вакцины гэрчилгээг харгалзан нэвтрүүлэх боломжийн талаар гэсэн үг.
Япон улсын хувьд хилээрээ нэвтрэхийг хориглосон 159 улс байгаагийн нэг нь манай улс болсон. Энэ дунд цар тахлын байдал нь намжсан Израйль, АНУ ч багтаж байна. Энэ нь олимпын өмнө цар тахлаа намжаах гэсэн бодлого ч байж магад.
Хил нээгдсэн ч гэсэн тусгаарлах байрны тоо, нөхцөл байдлаас хамаарч нислэгт тодорхой хяналт тавина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.