АНУ-ын прокурорууд Миннеаполис хотын цагдаагийн офицер асан Дерек Шовинд 30 жилийн хорих ял оноохыг шүүгчээс хүсжээ. Шовин нь Жорж Флойдын амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь өнгөрөгч 4 дүгээр сард тогтоогдсон билээ.
Миннесота мужийн анхан шатны шүүгч Жорж Флойдыг хөнөөсөн хэргийг хүндрүүлэх дөрвөн хүчин зүйл байна хэмээн өнгөрсөн сард тогтоосон бөгөөд прокуроруудын илгээсэн баримт бичигт уг шийдвэрийг иш татсан байна.
Гэвч Дерек Шовины өмгөөлөгч түүнд аль хэдийн эдэлсэн ялынх нь дээрээс тэнсэн харгалзах ял оноохыг хүсэж байгаа юм.
45 настай Шовин нь хүн амины хэрэг болон санаандгүйгээр хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд энэ сарын 25-нд ял сонсох төлөвтэй байгаа аж. Үүнээс өмнөх шүүх хурлууд дээр прокурорууд Шовиныг өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Флойдтой онц харгис хэрцгий харьцаж, дор хаяж гурван хүнтэй хамтран хүний аминд хүрсэн төдийгүй хүүхдүүдийн дэргэд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадсан байна.
Миннесота мужийн ялын удирдамжийн дагуу хэрэгтэнд дээд тал нь 15 жилийн ял оноох боломжтой аж. Гэвч Дерек Шовины хэргийн хүндрүүлэх хүчин зүйлсийн улмаас шүүгч түүний ялыг удирдамжаас хэтрүүлэн олгох боломжтой юм. Прокурорууд энэ талаар "Ноён Флойд нас барсан явдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үр нөлөөг ямар ч шийтгэл засаж залруулж чадахгүй. Гэхдээ шүүхээс оногдуулах ял нь хэн ч хуулиас дээгүүр бөгөөд доогуур биш гэдгийг харуулах ёстой" хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.