Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: "Хөл хорионы дараагаар хөдөлгөөний идэвх нэмэгдсэн бөгөөд энэ нь халдвар цаашид тархах явдлын хамгийн гол хүчин зүйл болдог. Улаанбаатар хотын халдварын тархалтын "R утга" нь 1.3 байгаа юм. "R утга" гэдэг нь халдвартай нэг хүн цаашаагаа хэдэн хүнд халдвар тарааж байгааг илэрхийлэх утга бөгөөд өнөөдөр мянган тохиолдол бүртгэгдсэн гэж үзвэл нэг хүний цаана 1,300 тохиолдол дахин бүртгэгдэнэ гэсэн үг. Тиймээс цаашид халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Халдвар нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй иргэд болон хүүхдүүдийн дунд ихээр гарч байна. Мөн хүн амын хамгийн идэвхтэй бүлэг болох 18-39 хүртэлх насны иргэдийн нийт хүн амын дунд эзлэх хувь нь өндөр хэдий ч вакцины нэгдүгээр тундаа ч хангалттай хамрагдаагүй байгаа юм. Тэгэхээр халдварын тохиолдлыг бууруулахын тулд иргэд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй байна.
Тодруулбал, коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунгаа тариулаад, үүнээс хойш 14-21 хоног хоносон иргэнийг бүрэн дархлаажсан хүн гэж тооцно.
Тэгэхээр зөвхөн нэгдүгээр тунгаа тариулсан нийт иргэдийн 20 орчим хувь нь халдвар авсан. Харин хоёрдугаар тунгаа тариулаад, 14 ба түүнээс дээш хоносон иргэдийн 0.1 хувь буюу 974 хүн халдвар авсан. Энэ нь нийт вакцинд хамрагдсан иргэдийн 0.04 хувь халдвар авсан гэсэн үг.
Сонирхуулахад, манай улсад хамгийн түгээмэл хэрэглэж байгаа БНХАУ-ын "VeroCell" вакцины хоёрдугаар тунд хамрагдсан нийт иргэдийн 0.44 хувь нь л халдвар авсан байна. Харин Энэтхэгийн "Covishield" вакцины мөн адил үзүүлэлт нь 1.59 хувь буюу хамгийн өндөр байгаа юм" хэмээн ярив.