ОХУ-ын Анагаах ухаан-биологийн агентлагийн эрдэмтэд коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгаа өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй "Лейтрагин" хэмээх амьсгалын замын эмийг бүтээжээ.
Тус эмийг Оросын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор бүртгэсэн тухай өнгөрөгч лхагва гарагт мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд "Холбооны анагаах ухаан-биологийн агентлагийн бүтээсэн амьсгалын замын "Лейтрагин" эмийг Эрүүл мэндийн яамнаас 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн. Энэхүү шинэ эм нь коронавирусийн цар тахлын хүндрэлүүдийн нэг болох уушгины үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зориулалттай" хэмээн бичжээ.
"Лейтрагин" нь "Ковид-19"-ийн улмаас үүсдэг "цитокины шуурга"-наас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилготой анхны эм аж. "Цитокины шуурга" нь эсүүд их хэмжээгээр үхсэнээр дархлааны молекулууд ихээр чөлөөлөгдөх явц юм.
Оросын эрдэмтэд коронавирусийн дунд зэргийн шинж тэмдэг бүхий 320 өвчтөний дунд клиник туршилт хийсэн бөгөөд тус эмийг хэрэглэсэн хүмүүсийн дунд нас баралт болон хүнд шинж тэмдэг илрээгүй байна. Мөн уг эмийг хэрэглэсэн өвчтөнүүд ойролцоогоор найман өдрийн дотор эдгэрсэн ба стандарт эмчилгээ хийлгэсэн хүмүүс ойролцоогоор 14 хоногийн дотор эдгэрдэг юм.
Эх сурвалж: TASS