УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг: "Давтан тунгаа хийлгээд 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Халдвар авах нас залуужиж байна. Учир нь 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.
-Тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, өвдөх тохиолдол багасаж эхлэх хүлээлт байгаа.
Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Орон нутагт зургаадугаар сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах учиртай. Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байна.
-Сүүлийн үед иргэдийн дунд хөл хорио тогтооно гэх мэдээлэл түгэх болсон. УОК, Эрүүл мэндийн байгууллагаас ямар нэгэн хөл хорио тогтоох санал гаргаагүй. Хязгаарласан хөл хорионы тухайд шаардлагатай тохиолдолд зарим орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Тавдугаар сарын 22-ны өдрөөс хойш орон нутаг хот хоорондын хөдөлгөөн нээсэн. Гэхдээ зарим орон нутагт хэсэгчилсэн 48 цагийн хугацаатай хөл хорио тогтоож байгаа. Энэ хооронд хавьталуудыг илрүүлээд явж байна. Түүнээс хөл хорих асуудал огт яригдаагүй байна.
-Нийгмийн амьдралын хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Үүний нэг нь сонгууль. Гэхдээ сонгуулийн үйл явц заавар журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж байна.
-Дэлхийд хилээ нээсэн 10 улс байна. 110 гаруй улс бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хилээ хаасан. Гэрээ хэлэлцээ хийж байна. Хэрвээ давтан тунд хамрагдаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол ирээд 7 хоног тусгаарлагдана. Мутацитай бүсээс ирж буй бол 14 хоног тусгаарлана" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.