Дэлхийн хамгийн том мах боловсруулах компани болох "JBS" өнгөрөгч даваа гарагт цахим халдлагад өртжээ. Халдагчид тус компанийн компьютерын сүлжээг хакердсан бөгөөд үүний улмаас АНУ, Австрали, Канад дахь зарим үйл ажиллагаа нь зогсож, олон мянган ажилтан нь хохирсон байна.
"JBS" нь дэлхийн 15 оронд 150 гаруй үйлдвэртэй бөгөөд нийт 150 мянга гаруй ажилтантай аж. Тус компани нь мөн "McDonald's" зэрэг томоохон үйлчлүүлэгчдэд мах нийлүүлдэг юм.
Энэхүү цахим халдлагыг үйлдсэн хакерууд тус компанийн сүлжээнд нэвтрэн, үйл ажиллагааг нь тасалдуулж, файлуудыг нь устгана гэж заналхийлж байгаа бөгөөд их хэмжээний барьцаа мөнгө шаардаж байгаа аж. "JBS"-ийн зүгээс халдлага ОХУ-д төвтэй гэмт бүлэглэлээс үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байгаа болохыг Цагаан ордноос мэдээлсэн байна. Одоо АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос тус хэргийг шалгаж байгаа юм.
Албаныхан халдлагыг илрүүлсэн даруйдаа нөлөөлөлд өртсөн бүх мэдээллийн системийг түдгэлзүүлж, нөөц серверүүдийг ашиглаж эхэлсэн гэнэ. "JBS"-ийн үхрийн махны хамгийн том таван үйлдвэр нь АНУ-д байрладаг бөгөөд цахим халдлагын дараа тус улсын махны үйлдвэрлэлийн тавны нэг нь зогссон байна. Энэ явдлын улмаас махны хомсдол үүсэж, үнэ нь өсөх аюултай юм.
Өнгөрсөн сард АНУ-ын хамгийн том хий, шатахуун дамжуулах Колонийн хоолой мөн цахим халдлагад өртсөн билээ. Мөрдөн байцаагчид тус халдлагыг мөн ОХУ-тай холбоотой гэж мэдэгдсэн бөгөөд Колонийн хоолойн албаныхан кибер гэмт бүлэглэлд 4.4 сая ам.долларын барьцаа мөнгө төлсөн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.