АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотын оршин суугч Стивен Поуст орон нутгийн Сент-Жонс голд хоёр хүүхэдтэйгээ завиар аялж байхдаа хүчтэй урсгалд орж, усанд унасан байна. Энэ үеэр түүний долоон настай хүү Чейз Поуст нэг цагийн турш сэлж, эрэг рүү хүрэн, тусламж дуудсан бөгөөд аав болон дөрвөн настай охин дүүгийнхээ амийг аварчээ.
Чейз хүү энэ талаар "Урсгал хэтэрхий хүчтэй байсан тул миний дүү Абигэйл завинаас барьж чадалгүй усанд унасан. Энэ үеэр би бас гараа тавиад, түүний араас ус руу унасан. Би үнэхээр их айж байсан" хэмээн ярьжээ. Хүүхдүүдийн аав Стивен мөн тэднийг барьж авахаар ус руу үсрэн орсон байна. Тухайн үед зөвхөн Абигэйл аврах хантааз өмссөн байжээ.
Ингээд Чейз эрэг рүү сэлж эхэлсэн байна. Түүний аав уг явдлын талаар "Би юу тохиолдохыг сайн мэдэхгүй байсан учир би түүнд хайртай гэдгээ хэлсэн. Би тэднийг хоёуланг нь барьж авахыг хичээсэн боловч Абигэйл надаас холдоод хөвчихсөн. Удалгүй би ямар ч хүчгүй болсон байсан" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Чейз нохой сэлэлтээр сэлсээр байсан бөгөөд ядарч сульдахгүйн тулд байн байн амарч, нуруун дээрээ хөвж байсан аж. Мөн голын урсгал завь болон эргийн эсрэг чиглэлд байсан тул сэлэхэд маш хэцүү байсан гэдгийг тэмдэглэсэн байна. Ингээд тэрээр цаг орчмын дараа хуурай газарт хүрч, хамгийн ойрын байшин руу гүйн, тусламж дууджээ.
Жексонвилл хотын Гал түймэр унтраах, аврах анги ба Флоридагийн загас, ан амьтдыг хамгаалах комиссын алба хаагчид Стивен Поуст болон түүний охин Абигэйлыг завинаас нь 1.6 км-ийн зайд олж, аварсан байна.
Эх сурвалж: ABC News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүхдээ сэлж сургасан нь сайн болжээ
Хайр хүрмээр ухаалаг би хүү байна.