ОХУ-ын арми "НАТО"-гийн аюул заналхийлэл нэмэгдэж байгааг эсэргүүцэхийн тулд тус улсын баруун хэсэгт 20 шинэ цэргийн анги байгуулна гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч даваа гарагт Оросын цэргийн дээд албан тушаалтнуудтай уулзахдаа энэ тухай мэдэгдсэн байна. ОХУ-ын хилийн ойролцоо АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд ихээр нисэх болсон бөгөөд "НАТО"-гийн байлдааны хөлөг онгоцнуудын тоо мөн нэмэгдсэн төдийгүй ойр ойрхон томоохон сургуулилт хийж байгааг тэрээр онцолсон байна.
Шойгу энэ талаар "Эдгээр үйлдэл нь олон улсын аюулгүй байдлын системийг устгаж байгаа бөгөөд бид холбогдох хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Орос улс энэ оныг дуустал Баруун цэргийн тойрогт дахин 20 анги, анги нэгтгэл байгуулна" хэмээн мэдээлжээ. Түүнчлэн тус бүс дэх цэргийн ангиудад 2,000 орчим шинэ зэвсэг захиалаад байгаа аж.
"НАТО" буюу Умард Атлантын Гэрээний Байгууллага нь АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Итали, Португал зэрэг 12 орон нэгдэж байгуулсан цэргийн эвсэл билээ. Социалист орнууд, ялангуяа ЗХУ-ын эсрэг чиглэсэн энэхүү цэргийн байгууллага нь одоо нийт 30 гишүүн улстай болоод байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд "НАТО"-гийн мянга мянган цэрэг, хэд хэдэн байлдааны хөлөг онгоц болон олон арван нисэх онгоц Атлантын далайг гатлан, Европ, Хар тэнгисийн бүс нутгаар аялан, цэргийн сургуулилт хийж байгаа билээ. Гэхдээ тус байгууллагын зүгээс эдгээр сургуулилт нь ОХУ-ын эсрэг чиглээгүй бөгөөд гишүүн орнуудынх нь аль нэг нь халдлагад өртсөн тохиолдлын хариу үйлдэлдээ бэлтгэж байгаа гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
20 шинэ цэргийн анги биш 20 цэргийн шинэ анги гэж бичвэл зохино
Шинээр цэргийн 20 анги байгуулна..гэвэл утга төгс байгаа биз дээ..