Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж хүүхдийн зөрчигдсөн эрхийг илүү сайн хамгаалах шийдвэр гаргалаа.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээх замаар, эсхүл өөрсдийн дансанд холбуулан арилжааны 11 банкаар дамжуулан авдаг.
Тодруулбал, тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг 85.6 хувь нь эх, 10.7 хувь нь эцэг, 3.5 хувь нь бусад асран хамгаалагч, 0.3 хувь нь 16 насанд хүрсэн хүүхэд өөрийн дансанд тус тус холбуулжээ.
Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдарч байна.
Харин 2.9 хувь буюу 21.8 орчим мянга нь тусдаа амьдарч байна. Тэдний 900 орчим хүүхэд албан бус гэр бүл салалтаас болж тус тэтгэмжийн мөнгийг хүүхдэд болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чадахгүй байна.
Түүнчлэн өрхийн сарын зарцуулалтаас харахад нийт өрхийн 0.2 хувь буюу 1120 өрх нь архи, согтууруулах ундаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн ихэнх хувийг зарцуулдаг байна.
Иймд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус тэтгэмжийг тухайн хүүхэд, түүнийг бодит байдал дээр асран хамгаалагч нь авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авч зохисгүй хэрэглээнд зарцуулж байгаа зэргийг хүүхдийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн хүүхдийн мөнгө олголтыг түр зогсоох, хүүхдийн нэр дээрх дансанд нь байршуулахаар журмаа шинэчилжээ.
Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх хууль тогтоомж, төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн багууллага, хуулийн этгээдийн үүрэг хариуцлага сайжрах болно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haana ochij shiidvvleh we