СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-01

🔴 LIVE: Алдарт эхийн одонтой ээжүүд ярьж байна...

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одонг 50 эхэд гардууллаа. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 800, хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн 9 дүүргийн 4224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

“Эхийн алдар” одон авсан ээжүүдийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.

Б.Оюумаа: Өнөөдөр миний хувьд маш их сайхан өдөр боллоо. Гурван охин, гурван хүүтэй. Гурван удаа ихэрлэсэн. Дунд хоёр ихэр төрөх үед эдийн засагч мэргэжилтэй нөхөр маань ажлаасаа гарч хамт хүүхдүүдээ өсгөсөн. Хоёрдугаар одонгоо 2018 онд авч байсан. Гэр бүлийнхэндээ маш их баярлалаа.

Г.Баяртунгалаг: Төрсөн өдрөөрөө одон авсандаа баяртай байна. Ерөнхийлөгч маань надаас гадна өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа хоёр хүнд тусгайлан баяр хүргэсэн. 14 наснаас эхлээд хоёр сартай таван хүүхдийн ээж болсондоо маш их баяртай байдаг.

Б.Зулсайхан: Миний хувьд дөрвөн хүүхэдтэй. Бага хоёр маань ихэр охидууд, ой найман сартай. Ихэр хүүхэдтэй учраас маш олон хүний дэмжлэг ордог. Нөхөр, ээж гэр бүлийнхэндээ энэ дашрамд "маш их баярлалаа" гэж хэлмээр байна. Манай удамд ихэрийн удам байхгүй. Манай гэр бүлийн хувьд маш онцгой тохиолдлоор ихэр охидтой болсон. Хүүхэд өсгөх амаргүй байдаг ч баяртай жаргалтай мөчүүд маш их байдаг.

М.Цэцэгдаринаа: . Бага охидууд маань ихэр. 2018 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхийлөгчөөс хоёрдугаар одон гардан авч байсан. Өнөөдөр дахин Ерөнхийлөгчөөсөө нэгдүгээр одонгоо авч байгаадаа баяртай байна.

Б.Ундрал: 1-9 насны дөрвөн хүүхдийн ээж. “Гранд” сэтгүүлийн эрхлэгч ажилтай. Миний хувьд сонгуулийн жилээр төрдөг. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар бага хүү маань гэдсэндээ байсан. Төрөөд удаагүй байхад орон нутгийн сонгууль гээд ажилдаа орсон. Маш олон ээжүүд над шиг ажлаа хийнгээ хүүхдээ төрүүлж, өсгөдөг байх. Эдгээр ээжүүдийн төлөөлөл болж өнөөдөр “Эхийн алдар” авсандаа маш их баяртай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.