Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулсан "Ардын хувьсгал-100 жилийн ой" сэдэвт ЕБС-ийн багш сурагчдын дунд зохион байгуулах уралдааны удирдамж гарчээ
Ардын хувьсгал ялах үед Монголын хүн амын дөнгөж хоёр орчим хувь нь бичиг үсэг мэддэг байжээ. Тухайн үеийн төр засгаас ард түмнийг бичиг үсэгт сургахаар орон даяар компанит ажлыг өрнүүлсэн. Ажил төв суурин газраас эхэлж, дараа нь хошуу, сумдыг сургууль, тэнхимтэй болгон, сургуулийн насны хүүхдүүдийг албан журмаар сургах бодлогыг хэрэгжүүлсний үрээр бүх нийтээр бичиг үсэгтэн болсон анхны улс болсон түүхтэй.
1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэг, түүхэн ялалтын үр дүнгээр бий болсон бүтээн байгуулалт, ололт амжилт, онцлог үйл явдлын тухай танин мэдүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүүхэд залуучуудын бүтээлч хандлагыг дэмжихээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Соёл урлагийн газар”-аас ЕБС-ийн багш сурагчдын дунд "Ардын хувьсгал-100 жилийн ой" сэдэвт уралдааныг зарлажээ.
Уралдаанд аймаг, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, түүхийн ухааны багш, нийгмийн ажилтан, сурагчид хамрагдах боломжтой.
Уралдааны үндсэн шалгуур үзүүлэлт:
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын мэргэжил арга зүйн төрөл
ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдах бөгөөд багш нар ангийн сурагчдаас 4-6 хүүхдийг баг болгон “Ардын хувьсгал-100 жилийн ой” сэдвийн хүрээнд сэдэвчилсэн тоглолт бэлтгэн ирүүлнэ. Хувьсгалын холбогдолтой ном зохиол, кино жүжгээс эх сурвалж авч хийж болно. Бичлэгийн үргэлжлэх хугацаа 6 хүртэлх минут байна. Бичлэгийг камер болон гар утас ашиглан хийнэ. Дуу дүрсний шаардлага хангасан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн ухааны багш нарын мэргэжил арга зүйн төрөл
ЕБС-ийн 6-8-р ангийн сурагчид түүхийн ухааны багшийн удирдлага дор “Ардын хувьсгал-100 жилийн ой” сэдвийн хүрээнд жүжигчилсэн тоглолт хийж оролцоно. Баг нь 4-6 сурагчдын бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүтээлийн хугацаа 6-8 минут байна. Бичлэгийг камер болон гар утас ашиглан хийнэ. Дуу дүрсний шаардлага хангасан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны мэргэжил арга зүйн төрөл
9-11-р ангийн сурагчид нийгмийн ажилтан багшийн удирдлага дор “Ардын хувьсгал-100 жилийн ой” сэдвийн хүрээнд зохиол бичиж түүний дагуу power point программ дээр анимейшн хийж оролцоно. Баг нь 4-6 сурагчдын бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүтээлийн хугацаа 3-5 минут байна. Бичлэгийг гар зураг, камер болон гар утас, компьютер ашиглан хийнэ. Дуу дүрсний шаардлага хангасан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч эсээ бичиж, илтгэлээр оролцоно
12 дугаар ангийн сурагчид “Ардын хувьсгал-100 жилийн ой” сэдвийн хүрээнд бие даан оролцох бөгөөд 500-800 үгэнд багтаан эсээ бичнэ. Бичсэн эсээгээ илтгэл болгон видео хэлбэрээр ирүүлнэ. Оролцогч өөрөө илтгэлээ тавьсан байх шаардлагатай. Бичлэгийг камер болон гар утас, компьютер ашиглан хийнэ. Дуу дүрсний шаардлага хангасан байна.
Уралдааныг шалгаруулах журам:
Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2021 оны зургаадугаар сарын 25 өдрийг хүртэл BatkhuyagO@culture.gov.mn хаягаар хүлээн авна. Оролцогчид бүтээлийнхээ мэдээлэл, багийн гишүүдийн мэдээлэл, холбогдох хаяг, утасны дугаараа бичиж ирүүлнэ.
Оролцогчдын бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг шалгаруулж 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын пэйж хуудас /Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority/-аар нийтэд мэдээлнэ.
Шагнал урамшуулал:
1-5-р ангийн сурагчдын НЭГ багийг шалгаруулж багаараа Найрамдал зусланд амрах эрхийн бичиг олгоно. Тус шалгарсан багийг бэлтгэн удирдаж оролцсон бага ангийн багшийг өргөмжлөл, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулна.
6-8 ангийн НЭГ багийг шалгаруулж багаараа Найрамдал зусланд амрах эрхийн бичиг олгоно. Тус шалгарсан багийг бэлтгэн удирдаж оролцсон түүхийн ухааны багшийг өргөмжлөл, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулна.
9-11-р ангийн НЭГ багийг шалгаруулж багаараа Найрамдал зусланд амрах эрхийн бичиг олгоно. Тус шалгарсан багийг бэлтгэн удирдаж оролцсон сургуулийн нийгмийн ажилтныг өргөмжлөл, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулна.
Шилдэг эсээ бичиж, илтгэл болгон ирүүлсэн 12 дугаар ангийн /төгсөж байгаа/ НЭГ сурагчийг шалгаруулж, өргөмжлөл, элсэн орсон дотоодын их дээд сургуулийн эхний жилийн сургалтын төлбөрийн 30 хувьд мөнгөн дүнгийн урамшуулал олгоно.
Зохион байгуулагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Соёл урлагийн газар”
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
гадаадад аялалаа юу хаха