Вьетнам улсын хамгийн том хот болох Хошиминий есөн сая оршин суугчийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулна гэж орон нутгийг эрх баригчид мэдэгджээ.
Тус улсад цар тахлын халдвар огцом нэмэгдэх болсон бөгөөд албаныхан тархалтыг хяналтдаа авахын тулд хэд хэдэн хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм. Хошимин хотын иргэд зөвхөн шаардлагатай үед гэрээсээ гарах боломжтой бөгөөд ойрын хоёр долоо хоногт 10-аас дээш хүний олон нийтийн цугларалтыг хориглоод байгаа аж. Мөн Вьетнамын эдийн засгийн төв болох тус хотын ихэнх бизнесийн үйл ажиллагааг хаажээ.
Хотын эрх баригчид өдөрт 100 мянган дээж авах хүчин чадалтайгаар ажиллаж, нийт хүн амаа шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа гэж "Vietnam News" төрийн мэдлийн сонинд мэдээлсэн байна.
Түүнчлэн тус сонинд дурдсанаар орон нутгийн цагдаа нар "Revival Ekklesia Mission" сүмийг тэргүүлдэг хосыг "аюултай халдварт өвчин тараасан" хэргээр баривчилжээ. Го Вап дүүрэгт байрлах тус сүмээс гаралтай халдварын голомтоос дор хаяж 145 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хэргээс хойш Вьетнам улс даяар бүх шашны арга хэмжээг хоригложээ.
Өнгөрөгч 4 дүгээр сарын сүүлчээс хойш Вьетнамын 31 хот, мужид коронавирусийн халдвар тархаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 4,000 гаруй болсон байна. Одоогийн байдлаар тус улсын нэг сая иргэн "АстраЗенека" вакциныг тариулаад байгаа бөгөөд энэ жилийн сүүлээр "Пфайзер" вакцины 30 сая тунг хүлээж авах төлөвтэй байгаа аж. Мөн тус улсын Засгийн газар "Модерна" компанитай хэлэлцээр хийж байгаа бөгөөд хэрэв гэрээ хийсэн тохиолдолд нийт 96 сая хүн амынхаа 80 хувийг бүрэн дархлаажуулахад хангалттай хэмжээний вакцин хүлээж авах юм.
Эх сурвалж: Associated Press