АНУ-ын Флорида мужийн Майами хэсэгт өнгөрөгч ням гарагт болсон тоглолтын үеэр зэвсэгт халдлага болж, гурван халдагч хоёр хүний аминд хүрэн, дор хаяж 22 хүнийг шархдуулсан байна.
Халдлага Майами Гарденс хотын нэгэн худалдааны төвийн тоглолт, арга хэмжээний танхимын ойролцоо гарсан бөгөөд тус бүсэд куба гаралтай америкчууд ихээр амьдардаг байна. Тоглолтын арга хэмжээний үеэр танхимын гадаа иргэд цуглараад байсан бөгөөд ойролцоох автомашинаас гурван зэвсэгт этгээд буун, тэдэн рүү буудаж эхэлсэн гэж Майами-Дэйд хэсгийн цагдаагийн газраас мэдэгджээ.
Албаныхан одоо хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэдний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа юм. Мөн бүх шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгнийх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Флорида мужид 2016 онд үүнтэй төстэй зэвсэгт халдлага болж, нэгэн шөнийн клуб дотор байсан 49 хүн амиа алдаж байсан билээ. Эдгээр хохирогчдын ихэнх нь мөн куба америкчууд байсан юм.
АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд галт зэвсэгтэй холбоотой аллага ихсэх болсон. Коронавирусийн цар тахлын улмаас ажлын байрны хүчирхийлэл багассан хэдий ч галт зэвсгийн борлуулалт огцом өссөн гэж эрх баригчид мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.