“Боловсролтой хүн” гэх имиж өвөртлөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж яваа Д.Энхбатыг үнэндээ “Датаком”-оос өөр тодорхойлох зүйл байхгүй.
Гэсэн ч тэрбээр “Ард түмний Ерөнхийлөгч байх болно” хэмээн олон нийтэд амлаж, зөв хүний дүрээр танигдахыг эрмэлзэж байгаа ч эх орныхоо төлөө, сэтгэлийн дуудлагаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн гэж үзэх аргагүй болов.
Учир нь тэрбээр улс төрд эрх мэдэлд хүрэхийн тулд “утсан хүүхэлдэй”-н дүр бүтээж магадгүй нөхцөл үүсчихэв. Өөрөөр хэлбэл, түүнийг Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхэд “Өмнө нь Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүний эрх ашгийг хангах үүднээс орж ирлээ” гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэсний тайлал өнөөдөр тодорхой болов. Тодруулбал, Д.Энхбат нь 2013 оны аравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мэдлэг, мэдээллийн хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдож байсан баримт ил боллоо.
Түүгээр ч зогсохгүй Д.Энхбатын сонгуулийг Ц.Элбэгдорж санхүүжүүлж байгаа бөгөөд сонгуулийн арга тактикыг нь ч боловсруулж суугаа гэнэ. Тиймдээ ч 40-хөн сая төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОМ гаргаж, өрөвдүүлэх татктик барьж яваа Д.Энхбат онгоц хөлөглөн дүүлсээр яваагийн учиг ийнхүү тайлагдав бололтой.
Нэгэн цагт улсын Ерөнхийлөгч явсан хүн Д.Энхбатын “сум”-ыг зөөж суугааг харилцан ашигтай хамтын ажиллагааных нь илрэл гэж харж болох. Хэдийгээр албан тушаалаа өгсөн ч, хууль шүүхийн хараанд байгаа Ц.Элбэгдорж улс төрд “утсан хүүхэлдэй”-тэй үлдэхийн тулд Д.Энхбатыг сонгож, тохиролцсон нь энэ байж ч мэдэх юм. Ямартай ч Д.Энхбат “Ард түмний Ерөнхийлөгч” байж чадахгүйг дээрх баримт илтгэлээ.