"Амазон" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос ирэх 7 дугаар сарын 5-нд Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорно гэж өнгөрөгч лхагва гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалтын үеэр мэдэгджээ.
Безосыг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болгосон интернэт худалдааны аварга том компанийг тэрээр 30 шахам жилийн турш удирдсан билээ. Одоо тэрээр Гүйцэтгэх захирлын суудлаа "Амазон"-ы Веб үйлчилгээг удирддаг Энди Жассид хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн байна. Жасси тус компанид 24 жилийн турш ажилласан бөгөөд Жефф Безос түүнийг "шилдэг удирдагч" болно гэж онцолжээ.
Харин Безос өөрөө компанийнхаа Удирдах зөвлөлийн гишүүн болох юм. Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох он сар өдөр нь "сэтгэл хөдөлгөсөн зүйл" гэж Безос тэмдэглэжээ. Тэрээр 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр "Амазон" компанийг анх байгуулж байсан аж.
Тэрээр "Би удирдах зөвлөлийн албан тушаалд шилжих болсондоо маш их баяртай байна. Одоо би өөрийн эрч хүч, анхаарлаа шинэ бүтээгдэхүүн, шинэлэг санаачилгад төвлөрүүлэх болно" хэмээн ярьжээ. Үүнээс хэдэн сарын өмнө Безос "Bezos Earth Fund", "Blue Origin" зэрэг компаниасаа гадуурх ажлуудад илүү их цаг хугацаа зарцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлээд байсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.