Финландын Ерөнхий сайд Санна Мариний гэр бүл татвар төлөгчдийн мөнгөөр хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авдаг гэж орон нутгийн "Илталехти" сонин мэдээлжээ.
Тус улсын Ерөнхий сайдын албан ёсны сууц болох "Кесаранта"-д амьдардаг Санна Мариний гэр бүл сард 300 еврогийн улсын мөнгийг хүнсний хэрэглээндээ зарцуулдаг аж. Үүнтэй харьцуулахад, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисте хүнсний хэрэглээнийхээ мөнгийг өөрөө төлдөг байна.
Тэгвэл Ерөнхий сайдын албанаас Санна Марин болон түүний гэр бүлийн өглөөний цай, хүйтэн хоолны зардлыг улсын орлогоос авах эрхтэй гэж мэдэгджээ. Уг тэтгэмжийг Маринаас өмнөх бүх Ерөнхий сайдад санал болгож байсан хэдий ч энэ зуунд зөвхөн гурван Ерөнхий сайд л тус үйлчилгээг хүлээж авсан аж.
Түүнчлэн Мариний гэр бүл энэхүү тэтгэмжийг урьд өмнө нь "Кесаранта" сууцад амьдарч байсан бүх оршин суугчтай харьцуулахад хамгийн их ашигласан байна. Үүний дээрээс, Ерөнхий сайдын гэр бүлийн хувийн нууцыг хамгаалахын тулд эдгээр худалдан авалтын баримтыг олон нийтэд дэлгэх боломжгүй гэжээ.
"Илталехти" сонинд мэдээлснээр уг тэтгэмжийн эрх зүйн үндэс нь маш их эргэлзээтэй аж.
Тус сонины зүгээс Ерөнхий сайдын албатай холбогдон, Санна Мариний хүнсний хангамжийг төрөөс төлнө гэсэн албан ёсны шийдвэрийн нотолгоог гаргаж өгөхийг хүссэн байна. Гэвч тэд одоогоор ямар баримт бичиг хүлээж аваагүй байгаа аж.
Эх сурвалж: Helsinki Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.