Италийн эрх баригчдаас 30 жилийн турш зугтсан мафийн гол толгойлогчийг Бразил улсаас баривчилсан гэж холбогдох прокурор, цагдаа нар мэдэгджээ. Рокко Морабито нь Италийн хамгийн хүчирхэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болох "Ндрангета"-гийн "ахмад" гэж тооцогддог юм.
Тэрээр Италийн Дотоод хэргийн яамнаас гаргасан Хамгийн аюултай оргодлуудын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг аж. Албаныхан түүнийг энэ долоо хоногийн даваа гарагт Бразилын зүүн хойд хэсгээс баривчилсан бөгөөд тэрээр Жоао Пессоа хотод өөр нэг итали оргодлын хамт амьдарч байжээ.
Морабитог олж илрүүлэн, баривчлах олон улсын хэмжээний ажиллагаанд Итали, Уругвай болон АНУ-ын талууд хамтран оролцжээ. Үүнээс хоёр жилийн өмнө албаныхан Морабитог барин, Уругвай дахь шоронд хорьж байсан хэдий ч түүнийг Итали руу шилжүүлж амжихаас өмнө тэрээр шоронгоос оргосон байна.
"Кокайны хаан" гэх хочтой болсон Рокко Морабитог Италийн эрх баригчид 1994 оноос хойш эрэн сурвалжилж байгаа аж.
Уругвайн прокуроруудын мэдээлснээр түүнийг Бразилаас шууд Итали руу шилжүүлэн өгөх бөгөөд тэрээр 30 орчим жилийн хорих ял сонсох төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.