ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Хөл хорио тогтоосны дараа хүн амын дунд хөдөлгөөн нэмэгддэг. Энэ зүй тогтлоор нууц хугацааны тав хоногийн дараагаас эргээд тохиолдлын тоо нэмэгдэх чиг хандлага байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд шилжиж хөл хориог бууруулж, тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замуудыг нээсэн, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөл хөдөлгөөн нэлээд нэмэгдсэн. Энэ нь эргээд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэх шалтгаан болж байна.
Оргил үеийн тархалтыг дагаад хүндрэл болон нас баралт нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд ямар ч байсан тархалтын тохиолдлын тоо буурсан. 14-21 хоногийн дараагаас нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Үүний дагуу нас баралтын тоо харьцангуй буурч байгаа. Гэвч эргээд давалгаа үүсэх хандлага бий болж байна. Хэрэв шинэ давлагаа олон хүнийг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэлүүд байна.
Дүүрэг болон өрхийн эмнэлгүүд ойрын хавьтлын шинжилгээг 80-90 хувийн хамрагдалттайгаар маш сайн хийж байгаа. Улаанбаатар хотын хувьд зорилтот бүлгийн нийт хүн амын 99 хувь нь “Ковид-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан. Улмаар зургадугаар сарын 1-н гэхэд хоёрдугаар тундаа бүрэн хамрагдах дүр зураг байгаа. Эсрэг заалттай, эсвэл эргэлзсэн байдлаар вакцинжуулалтад хамрагдахгүй иргэд байгаа. Эдгээр иргэд вакцинжуулалтдаа бүрэн хамрагдаад ирвэл гарах эрсдэл болон бүртгэгдэх тохиолдлын тоо эрс буурах бүрэн боломжтой гэж харж байна.
Вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хүн амын 0.5 хувь буюу 9000 орчим иргэн коронавирусийн халдвар авсан. Хоёрдугаар тунд хамрагдсан иргэд ч өвчлөх эрсдэлтэй. Манай улсад хоёрдугаар тунд хамрагдсаны дараа халдвар авсан 3000 гаруй иргэн байгаа.
Үүнээс 900 гаруй хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа халдвар авсан. Гэхдээ эдгээр хүмүүсийн дийлэнх нь шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байна.
Хоёрдугаар тунг тариулсны дараа 14 хоногт халдвар авах эрсдэлтэйг манай болон олон улсын эрдэмтдийн судалгаа харуулж байгаа. Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өгсөн мэдээллээр тус улс тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 130 сая иргэнээ “Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёр тунд хамруулсан. Хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн дунд халдвар авсан 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 2000 гаруй хүн нь хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байгаа. Мөн эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс 343 иргэн нас барсан гэх тоо байгаа.
Манай улсад яг ийм байдлаар судалгаа хийж байгаа. Нийт нас баралт вакцины хоёр тунгаа хийлгэсэн таван иргэн бүртгэгдсэн. Энэ хүмүүс маань хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дотор халдвар авч, хүндэрсэн. Архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байсан.
Монгол Улс нийт хүн амынхаа 65 хувь буюу 2.06 сая иргэнийг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний цаанаа хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, вакцинд гаж нөлөө, харшлын урвал өгдөг хүмүүс вакцинд хамрагдахгүй. Үндсэндээ хүн амын 35 хувь нь вакцинд хамрагдахгүй байна гэдэг нь халдварын эрчим, халдварын эрсдэл дархлаажуулалтад хамрагдаагүй хүн ам дунд өндөр хэвээр байгааг илтгэнэ. Тиймээс вакцинд хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.