Тайваньд коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдэж, дархлаажуулалтын хурд удааширч байгаа энэ үед нэн шаардлагатай вакцин авах ажилд БНХАУ-ын талаас саад учруулж байна гэж Ерөнхийлөгч Цай Ин Вэн мэдэгджээ.
Түүний мэдээлснээр Тайвань нь ХБНГУ-ын "Pfizer-BioNTech" вакциныг авахаар оролдож байгаа хэдий ч Хятадын эрх баригчид санаатайгаар саад болж байгаа аж. Тэрээр "Бид Германы үйлдвэрлэгчтэй гэрээ хийх эцсийн шатандаа явж байсан боловч Хятадын тал хөндлөнгөөс оролцсоны улмаас тус гэрээ өнөөдрийг хүртэл хойшилсоор байна" хэмээн өөрийн "Фейсбүүк" хуудаснаа бичжээ.
"Pfizer-BioNTech" вакцины Хятадын бүс нутгийн борлуулагч нь Шанхай хотод байрладаг "Fosun Pharma" компани юм. Тайпейн талаас Германы эм үйлдвэрлэгчтэй шууд харьцахыг хүсэж байгаагаа мэдэгдсэн ч Бээжингийн удирдлагууд үүнийг үйл ойшоож байгаа бололтой гэж шинжээчид таамаглаж байна. Цай Ин Вэн энэ талаар "Вакциныг зөвхөн анхны үйлдвэрлэгчээс нь худалдаж авснаар бид чанар, аюулгүй байдлын шууд баталгааг авах боломжтой. Мөн хууль ёсны болон улс төрийн давхар эрсдэлээс зайлсхийх болно" гэж тэмдэглэжээ.
Тэгвэл Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян "Тайвань эх газраас вакцин авах боломжтой бөгөөд ямар ч асуудал байхгүй" гэсэн хариу мэдэгдэл хийсэн бөгөөд нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Тэрээр мөн Цай Ин Вэны талаар "Бид Ерөнхийлөгч гэж нэрлэгдэж байгаа энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр бол зөвхөн Хятадын нэг бүс нутгийн удирдагч" хэмээн хэлжээ.
Авторитар БНХАУ нь ардчилсан дэглэмтэй Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд тус арлыг дипломат байдлын хувьд тусгаарлахыг хичээдэг билээ. Үүний улмаас Тайвань нь одоог хүртэл ДЭМБ-тай хамтран ажиллах боломжгүй байгаа юм.
Цар тахлын эхэн үед дэлхий дахинд жишиг болоод байсан Тайваньд халдварын гэнэтийн дэгдэлт үүссэн бөгөөд хангалттай хэмжээний вакцин авахад асуудал гарсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Нийт 23.5 сая хүн амтай тус арал нь одоогоор зөвхөн 726 мянган "AstraZeneca" вакцины тунг хүлээж аваад байгаа юм.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.