Беларусьт зэвсэгт мөргөлдөөн дэгдвэл Дэлхийн гуравдугаар дайны аюул нүүрлэж болзошгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко анхааруулсан болохыг орон нутгийн "BelTA" мэдээллийн агентлаг өнгөрөгч лхагва гарагт мэдээлжээ.
Лукашенко гадаадын гүрнүүдийг Беларусь дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх гэсэн оролдлогоо зогсоохыг уриалсан байна. Тэрээр улсынхаа хууль тогтоогчид, Засгийн газрын байгууллагууд болон Үндсэн хуулийн комиссын гишүүдтэй уулзах үеэрээ "Би үүнийг дэлхий дахинд хандан уриалж байна. Беларусийн тогоог хутгах хэрэггүй. Бид том улс биш, гэхдээ хангалттай хариу арга хэмжээ авах болно. Дэлхийн түүхэнд ч ийм жишиг байсан" хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн тэрээр гадны түрэмгийлэл ирсэн тохиолдолд Беларусь ялалт байгуулна гэж тооцохгүй байгаа ч дайсандаа нөхөж баршгүй хохирол учруулах цэргийн хүчин чадалтай гэдгээ онцлон хэлсэн аж.
Александр Лукашенко "Беларусийн эсрэг яаруу сандруу, бодлогогүй алхам хийхээсээ өмнө бид Европын төв гэдгийг санаарай. Хэрэв энд ямар нэгэн зүйл тохиолдвол дахин нэгэн дэлхийн дайн дэгдэх болно. Тиймээс манай хилийн ойролцоо сэлмүүдээ шуугиулахаасаа өмнө сайн бодож үзээрэй" хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.