АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тагнуулын байгууллагуудад коронавирусийн үүсэл гарлыг судалж тогтоох даалгавар өглөө. Тэрээр тагнуулын агентлагуудыг коронавирус чухам хаанаас анх үүсч, хүн төрөлхтөнд халдварласан болохыг тогтоох ажлаа эрчимжүүлж, илүү их хүчин чармайлт гарган ажиллаж, 90 хоногийн дотор мэдээлэхийг шаардсан байна.
Дэлхий дахинд мэдэж байгаачлан хамгийн анх 2019 оны сүүлээр Ковид-19 гэж нэрлэгдсэн коронавирус БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 168 сая гаруй иргэн уг вирусээр халдварлаж, 3,5 сая хүн нас бараад байна. Олон улсын эрдэмтдийн зүгээс коронавирус Уханийн далайн бүтээгдэхүүний захтай холбоотой гэж анхандаа таамаглаж байсан юм. Мөн амьтнаас хүнд халдсан гэх таамгийг дэвшүүлсээр байна.
Гэвч ойрын өдрүүдэд АНУ-ын хэвлэлүүд Хятадын лабораториос вирус алдагдсан тухай нотолгоо бий хэмээн мэдээлэх болжээ. Бээжингийн зүгээс уг мэдээллийг эрс шүүмжлэн, вирус Хятадын биш харин эсрэгээрээ Америкийн лабораториос үүсэлтэй хэмээн мэдээлээд байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.