Өмнөд Солонгосын хамгийн алдартай хоол хүргэлтийн аппликейшнд бүртгэлтэй зоогийн газруудаас хөлс аван, эерэг сэтгэгдэл бичдэг байсан эрэгтэйд орон нутгийн шүүхээс 10 сарын хорих ял оноожээ.
Интернэт маркетингийн агентлаг ажиллуулдаг тус эрэгтэй нь эдгээр хоолны газруудаас хоол захиалж идээгүй хэдий ч "Үнэхээр амттай байлаа" гэх мэт сэтгэгдэл үлдээдэг байсан аж. Тэрээр 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл сэтгэгдэл бичсэн бөгөөд зоогийн газрын эзэд түүнд 100 сэтгэгдэл тутамд 300 мянган вон төлөхөөр тохиролцсон байжээ. Тэрээр энэ хугацаанд нийт 35 мянган хуурамч сэтгэгдэл үлдээж, 105 сая воны ашиг олсон байна.
"Baedal Minjok" гэх нэртэй уг аппликейшнийг ажиллуулдаг "Woowa Brothers" компанийн мэдээлснээр Давж заалдах шатны шүүхээс уг эрэгтэйн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнийг Сөүлийн дүүргийн шүүхээс 2020 оны 11 дүгээр сард ресторануудын хоолыг идэж үзэлгүйгээр сэтгэгдэл үлдээж, хариуд нь төлбөр авсан хэрэгт буруутай гэж үзжээ.
БНСУ-д ихэнх хуурамч сэтгэгдлийн хэргүүд чанга шийтгэл сонсдоггүй учир энэ удаагийн шийдвэр нь ихээхэн анхаарал татаж байна.
Захиалах хоолныхоо талаар үнэн зөв мэдээлэл авахыг хүссэн хэрэглэгчид болон шударга өрсөлдөөнийг эрэлхийлж буй жижиг бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь сайн мэдээ болохыг шинжээчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монголд хэрэгтэй хууль байна даа.